Гүржийн Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр өглөө эхлэв. Санал авах 3700 хэсэг үйл ажиллагаагаа өглөө 08.00 цагт эхэлж, 12 цаг бүтэн ажиллаад хаагдсан байх ёстой. Сонгуульд тус улсын нутаг дэвсгэр дээр 3.5 сая хүн оролцохын зэрэгцээ гадаад орнуудад байгаа 52 хэсэгт 48.5 мянга орчим хүн саналаа өгсөн. Гүржийн Ерөнхийлөгчийн суудлын төлөө 21 улстөрч өрсөлдөж байгаа.
Эрх барьж буй “Гүрж мөрөөдөл” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Георгий Маргвелашвили, Парламентын тэргүүн асан Нино Буржаназе, эрх баригч байсан Үндэсний нэгдмэл хөдөлгөөн намаас нэр дэвшигч Дэвид Бакразе нарын аль нэгэнд нь ялах боломж бий гэж зарим шинжээч үзэж байна. Сонгуулийг ажиглахаар дотоодын 60 байгууллагын 19.7 мянга, гадаадын 65 орны 1200 хүн иржээ. Урьдчилсан дүн урьд шөнө гарна гэж хүлээж байсан бөгөөд сонгуулийн албан ёсны дүнг санал хурааснаас хойш 20-иос илүүгүй хоногийн дотор олонд сонордуулах ёстой. Одоо халаагаа өгч буй Ерөнхийлөгч Михаил Саакашвили 2004, 2008 онд хоёр удаа сонгогдсон аж.