Америкийн тусгай албад Германы Канцлер Ангела Меркелийн утсыг 2002 оноос, тодруулбал түүнийг энэ албыг хашихаас өмнө чагнаж байсан бололтой. Ангела Меркель 2005 оноос Канцлераар ажиллаж байгаа юм. Хэвлэлд мэдээлснээс үзвэл Америкийн мэдээлэл цуглуулах онцгой алба гэгч дэлхийн 80 хотод, түүний дотор Европын 19 хотод салбартай аж.
Тус алба Берлинд суугаа АНУ-ын ЭСЯ-нд Германы Засгийн газрын байрнаас холгүй ажиллаж байжээ. Герман дахь өөр нэг төв нь Майн дахь Франкфуртэд байдаг аж. Ийм албад Америкийн ЭСЯ-ны халхавч дор оршиж, ажиллаж байдаг нь үнэн бол АНУ-аас гадаад орнуудтай тогтоосон харилцаанд ноцтой хохирол учруулах нь мэдээж.
Ангела Меркелийн утсыг нууцаар сонссон тухай мэдээ “Der Spiegel” сэтгүүлд хэвлэгдсэний дараа Америкийн Элчин сайдыг Германы ГХЯ дуудаж тайлбар хийхийг шаардсан юм. Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа түүний утсыг чагнахгүй байгаа, хэрэв чагнаж буй бол болиулна гэж хэлсэн удаатай. Америкийн Аюулгүй байдлын агентлаг дэлхийн 35 улсын удирдагчдын түүний дотор Европын холбооны хэд хэдэн орны Засгийн газрын гишүүний утсыг сонссон гэж Английн “The Guardian” сонин өмнө нь мэдээлж байв. Америкийн үндэсний аюулг үй байдлын албаны үйл ажиллагааны тухай, нууцаар тагнаж, чагнадаг талаарх нууц баримтыг мөнөөх Эдвард Сноуден хэвлэлд өгсөн юм.