Германы Канцлер Ангела Меркель Америкийн Тусгай албаныхан өөрийнх нь гар утсыг чагнаж байсан талаарх мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу утас цохин тайлбар өгөхийг шаарджээ. Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Зайберт “Канцлер Америкийн Тусгай албаныхны явуулж буй энэ үйл ажиллагаа байж боломгүй зүйл гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Хатагтай Меркель Обаматай ярихдаа энэ үйл ажиллагаа хоёр орны найрсаг харилцаа, холбоотнуудын итгэлийг эвдэж байгааг онцлоод, Германд явуулж буй АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны цар хүрээг тодруулахыг уриалжээ.
Барак Обама Ангела Меркельд яриаг нь чагнаагүй гэдгийг нотлон хэлсэн гэх авч Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Жей Карни “Хатагтай Ангела Меркелийн яриаг чагнасан нь үнэн үү” гэсэн сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өгч чадаагүй байна. Меркелийн утасны яриаг чагнаж байсан гэх мэдээллээ хаанаас авснаа дэлгээгүй боловч “Spiegel” сэтгүүлд бичсэнээр дээрх сэжиг Германы талаас явуулсан мөрдөн шинжлэх ажлын үр дүнгээс үүджээ. “Spiegel” сэтгүүл Сноуденээс авсан баримтад тулгуурласан хэд хэдэн нийтлэл хэвлэлд бэлдээд байгаа аж.
Н.ЭНХТҮВШИН