Хятадын Хэйлунцзян мужийн нийслэл Харбин хотод хоёр хоногийн турш өтгөн утаат манан хөшиглөж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул өчигдрөөс сургууль, цэцэрлэгүүдийн хаалгыг барьж, томоохон авто замуудыг түр хаажээ. Агаар дахь 2.5 микроны диаметртэй тоосонцрын нягтаршил нэг шоо метрт 500 микрограммаас хэтэрч, эргэн тойронд 50 метрээс цааших орчин харагдахаа больсон бөгөөд энэ байдал дахин нэг хоног үргэлжлэх төлөвтэйг Цаг агаар судлалын хүрээлэнгээс нь анхааруулжээ.
Хэйлунцзян мужийн хэд хэдэн хотыг утаат манан бүрхээд байгаагаас одоогоор зөвхөн Харбин хотод л хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа аж. Тус хотод 11 сая гаруй хүн амьдардаг бөгөөд нийтийн тээврийн зарим хэрэгслийг түр зогсоож, иргэдийг явган юм уу, эсвэл дугуйгаар явахыг уриалжээ. Түүнчлэн олон улсын “Тайпинг” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 40 гаруй нислэгийг хойшлуулсан гэнэ. Нэг шоо метр агаар дахь тоосонцрын нягтаршил 20 микрограммаас ихгүй бол хэвийн, 100 микрограммаас хэтэрвэл эрүүл мэндэд хортой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцдог бөгөөд өдгөө Харбиний агаарын бохирдол нь аюулгүй хэмээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 24 дахин их байгаа аж.
Дашрамд сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард Бээжин хотод мөн агаарын бохирдлын улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, нэг өдөр онц байдал зарлаж байжээ.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ