Люксембургэд өчигдөр Парламентын ээлжит бус сонгууль болов. Энэ сонгуулиар Европын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Их Вант улсын Ерөнхий сайд Жан-Клод Юнкерийн улс төрийн ирээдүйг тодорхойлох юм. Тэрбээр уг албыг 18 жилийн турш хашиж буй бөгөөд евро бүсийн Сангийн сайд нарын зөвлөлийг 2005 оноос 2012 оны эцэс хүртэл толгойлсон хүн.
Ээлжит бус сонгууль явуулах болсон нь долдугаар сарын 10-наас Люксембургэд үүссэн улс төрийн хямралтай холбоотой аж. Энэ хямралыг Ерөнхий сайдыг огцруулах, эрх мэдлийг өөр хүчний гарт шилжүүлэх цорын ганц зорилгоор сөрөг хүчний намууд үүсгэсэн байна. Тагнуулын албаны ажилтнуудын албан тушаалын бүрэн эрхийг дур зоргоор нэмэгдүүлсэн гэж Юнкерийг Парламент буруутгасан юм. Гэтэл нөгөө тагнуулын албаны ажилтнууд улстөрчдийн яриаг нууцаар чагнаж, хувийн хэвшлийнхэнд нууцаар үйлчилгээ үзүүлж, улсын хөрөнгийг шамшигдуулж байжээ.
Засгийн эрх барихаар эвсэл байгуулсан Ажилчны социалист нам нь ч Ерөнхий сайдын эсрэг ажиллах болсон байна.
Р..ЖАРГАЛАНТ