Лондонд айлчлах үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны хөлөглөж явсан машиныг зогсоолд буруу тавьсан учир торгууль ногдуулахаар болсон байна. Хэвлэлд мэдээлснээс үзвэл уг машин энэ сарын 11-нд Олон улсын харилцааны вангийн хүрээлэнгийн ойролцоо төлбөргүйгээр 45 минут зогссон тул замын хөдөлгөөн зохицуулах албаны ажилтан 80 фунт стерлингийн (127 доллар) торгууль бичжээ.
Энэ үед Хиллари Клинтонд бараа болж явсан нууц албаны таван ажилтан машины дэргэд байсан ч Английн замын хөдөлгөөн зохицуулах албаныхныг үүргээ гүйцэтгэхэд нь саад хийгээгүй аж. Тэгэхдээ тэдний нэг нь баримт бичгээ үзүүлсэн ч мөнөөх ажилтан торгуулиа бичиж л орхисон байна.
Гэвч энэ торгуулийг төлөөгүй гэнэ. Хиллари Клинтон олон улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө жил тутам олгодог шагналыг гардаж авахаар энд ирсэн аж.