Анхны дугаараа 126 жилийн өмнө гаргаж байсан -International Herald Tribune” сонин нэрээ өөрчилж, энэ сарын 15-наас “International New York Times” нэртэй хэвлэгдэх болов. 1887 онд Америкийн “New York Herald” хэвлэлийн европ хувилбар болох зорилгоор Францад "Paris Herald" нэртэй байгуулсан уг сонин урьд нь нэг биш удаа нэрээ сольж байжээ. Энэ нь тус хэвлэлийн эзэмшлийн бүтэц хэд хэдэн удаа солигдсонтой холбоотой аж.
1959 онд Их Британид АНУ-аас сууж байсан Элчин сайд Жон Хэй Уитнии “Paris Herald”-ыг худалдаж авсан бол 1966 оноос “Вашингтон пост” компани хамтран эзэмших болжээ. 1967 оны тавдугаар сараас эхлэн “Нью-Йорк таймс” компани мөн л хамтран эзэмшигчээр тодорсон байна. Энэ үеэс эхлэн “Paris Herald” сонин "International Herald Tribune" нэртэй хэвлэгдэх болсон юм. 2007 оноос “Нью-Йорк таймс” компани тус сонины цорын ганц бүрэн эрхт эзэмшигч болсон аж.
Нэрээ сольсон шалтгаанаа сонины удирдлагууд дэлхийн уншигч болгоныг татах шаардлага гарсантай холбон тайлбарлажээ. Тус сонины сайтад тэмдэглэснээр “Дэлхий дахинд болж буй үйл явдлыг уншигч олонд хамгийн тод томруунаар хүргэх гол үүрэг маань хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэсэн байна.
Н.Энхтүвшин