Москва хотын Бирюловын районд дэгдсэн эмх замбраагүй байдлын дараа 400 орчим хүн баривчилжээ. Тэдний ихэнхийг нь тун удалгүй сулласан байна. ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев шуурхай зөвлөлгөөн дээр хэлэхдээ “Маргаашнаас ногооны баазуудад тавих хяналтыг чангаруулна. Тэд орчин тойрондоо байнга түгшүүртэй байдал бий болгож байдаг юм” гэсэн байна.
Баруун Бирюлово районд байдаг “Покровская” хэмээх ногооны зах дээр энэ сарын 10-нд зодоон болсны улмаас тэндхийн 25 настай Егор Щербаков амиа алдсан аж. Энэ гэмт хэргийн гэрч болох эмэгтэйн ярьснаар бол кавказ царайтай нэг нөхөр хоргоогоод байсан учир Щербаков түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр болжээ. Маргалдах явцдаа тэр эр Щербаковыг хутгалж орхисон байна.
Хоёр хоногийн дараа хүмүүс энд цуглаан зохион байгуулж, алуурчныг олохыг, ногооны захыг хаахыг, цагаачлалтай холбоотой хууль эрхийг чангаруулахыг шаардсан аж.