Венесуэлийн Валенсия хотын захирагч Эдгардо Парраг авлигын хэрэгт сэжиглэн өнгөрсөн бямба гаригт баривчлав. Тэрбээр эрх баригч социалист намын гишүүн аж. Парра өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа гэнэ. Хотын захиргаа болон нэрийг нь дурдаагүй хэд хэдэн компани, хоршооллын хооронд хууль бус хэлхээ холбоо байсныг мөрдөн байцаалтаар илр үүлсэн байна. Венесуэлд авлигатай хийх тэмцлийг хүчтэй болгосноос хойш ийм зиндааны албан хаагчийг анх удаа баривчилсан нь энэ юм байна.
Валенсия нь умард нутгийн Карабобо муж улсын нийслэл бөгөөд Венесуэлийн томоохон хот аж. Ерөнхийлөгч Николас Мадуро авлигатай тэмцэхийн тулд онцгой бүрэн эрх олгохыг Парламентаасаа хүссэнээс хойш хэдхэн хоноод тус хотын захирагчийг ийн баривчилжээ. “Улс төрийн шинэ ёс зүй, шинэ нийгмийн төлөө тэмцэхээр” төлөвлөж буйгаа Венесуэлийн төрийн тэргүүн мэдэгдэж, төсвийн хөрөнгөөс завшсан гэмт хэрэгтэн хэн байлаа ч хамгаалахгүй, яагаад гэвэл тэр мөнгө чинь ард түмний юм гэж онцолсон байна. Тэгэхдээ Ерөнхийлөгч авлигатай тэмцэх нэрээр сөрөг хүчиндээ дарамт шахалт үзүүлэх гэж байна гэж түүнийг эсэргүүцэгчид үзэж байгаа аж.