Сомалийн далайн дээрэмчдийн толгойлогч асан “том амт” хочит Мохамед Абди Хасаныг Брюссель хотын нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Тэрбээр Кенийн нийслэл Найроби хотоос Бельгид ирсэн байв. 2009 онд хайрга ачиж явсан Бельгийн хөлөг онгоцыг дээрэмдэх ажиллагааг түүнийг зохион байгуулсан гэж ярьдаг аж. Хөлөг онгоцыг дээрэмчид 70 хоног өөрсдийн мэдэлд байлгасан байна. Хасан чухам яах гэж Бельгид ирсэн нь тодорхойгүй ч далайн дээрэмчин байсан түүнд цагдаа нар гав зүүхэд маш их гайхсан дүр эсгэсэн байна. Түүнтэй хамт явсан Сомалийн төрийн албан хаагчийг бас баривчилжээ.
Сомалийн далайн дээрэмчид эрх баригчидтайгаа холбоо сүлбээтэй байдгийн ачаар хариуцлага хүлээлгүй яваад байж чаддаг байна. “Помпей” хөлгөөс гадна Хасан бас зэвсэг ачиж явсан Украины “Фаин”, Саудын Арабын “Сируус стар” хэмээх супер хөлөг онгоцыг дээрэмдэхэд оролцсон хэмээн сэжиглэгдэж буй аж. Хасаны хүмүүс Энэтхэгийн далайд худалдааны хөлөг онгоцыг эзэлж авчээ. Тэгээд хөлөг онгоц, түүний багийнхныг суллаж өгөхийн тулд олон сая доллар нэхсэн байна. 2000-аад оны туршид далайн дээрэмчдийн төв нь Сомалийн Хобио гэдэг бүс нутаг байсан аж.
Дэлхийн улс орнуудын тэнгисийн цэргийн хүчин аюултай бүс нутгуудад харуул хийх болсноор дээрэмчдийн үйл ажиллагаа сүүлийн үед нэлээд хумигдаад буй юм. Мохаммед Абди Хасан найман жил дээрэм хийснийхээ дараа гэмт хэргийн ертөнцөөс хөндийрөхөөр шийдсэн гэж энэ оны эхээр мэдэгдэж байсан аж.
Р.ЖАРГАЛАНТ