Далайн хүчтэй шуурганд нэрвэгдэхээс Энэтхэгийн эрх баригчид сэрэмжлэн түгшүүрийн “улаан” дохио өгч, дорнод эргийнхээ 400 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэв. “Файлин” нэртэй далайн шуурга тус улсад энэ сарын 12-нд нүүрлэх байжээ. Цаг уурчдын урьдчилан мэдээлснээр салхины хурд 240 км/ цаг байх төлөвтэй байлаа.
Английн цаг уурчид уг шуургыг аюулын таван зэрэглэлийн дөрөв дэхэд оруулж тооцсон аж. Энэ шуурганы хөлд тосгод илүүтэй сүйрнэ гэж үзэж буй гэнэ. “Файлин” нь сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн их сүйтгэл учруулах магадлалтай байгалийн үзэгдэл гэж таамаглаж буй юм байна. 1999 онд болсон далайн хүчтэй шуурганы улмаас 10 мянган хүний амь хохирч байжээ.