Панамд Оросын ерөнхий консулын орлогч руу хутга барьж дайрсан Одессын унаган Алексей Лисовенко гэгч өөрийгөө ухаангүй байсны улмаас ийм хэрэг өдүүллээ гэж мэдэгдсэн байна. Энд байдаг Украйны дипломат төлөөлөгчийн газраас мэдээлснээр бол Лисовенко тухайн үед өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан аж.
Энэ хэргийг Панамд байгаа Украйны хүндэт консул хянаж буй бөгөөд уг хэргийг шалгуулахаар холбогдох байгууллагын хүмүүсийг Украйнаас Панам руу ирүүлэх бодолгүй байгаа бололтой. Панамд суугаа Оросын ерөнхий консулын орлогч Евгений Манилов руу өнгөрсөн баасан гаригт Оросын ЭСЯ байрладаг олон улсын бизнес төвийн дэвсгэр газар дээр довтолсон байна. Манилов шархдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Лисовенког шууд баривчилжээ.
Панамд суугаа ОХУ-ын Элчин сайд Алексей Ермаковын ярьснаас үзвэл 22 настай Лисовенко Панамд жуулчны зөвшөөрөлтэйгээр нэг сар хагас юм уу хоёр сарын хугацаагаар ирсэн бөгөөд гэрээдээ буцахад нь зориулж хэд хэдэн мянган доллар өгөхийг шаардаж Оросын ЭСЯ-нд хандаж байжээ. Энэ украин залуу мөрийтэй тоглоомд мөнгөө үрсэн бололтой. Түүний үйлдлийг Оросын элчин сайд “хонзогносон явдал” гэж үзэж буй аж. Лисовенко Панам дахь Оросын дипломат байгууллагад нэг бус удаа хандсан нь орос хэлээр харилцахад дөхөм байснаас үүдэлтэй гэж Мехико дахь Украины ЭСЯ тайлбарлажээ. Манилов мэс засал хийлгээд бие нь түргэн сайжирч буй ч эмнэлгээс гараагүй байгаа сурагтай.