Солонгосын хөдөлмөрийн намын 68 жилийн ойг өчигдөр тэмдэглэв. Энэ ажлын хүрээнд Ким Чен Ун Кымсусаны ордонд шөнө дөлөөр очсон байна. Тус намын дарга бөгөөд Улсыг батлан хамгаалах хорооны дарга тэрбээр БНАСАУ-ыг үндэслэгч, анхны Ерөнхийлөгч өвөө Ким Ир Сен, аав Ким Чен Ир нарынх нь бунхан байдаг танхимаар оржээ. Тэдний цээж баримал хөшөөнд цэцэг өргөсөн байна.
1977 онд босгосон Кымсусаны ордонг эхлээд Ерөнхийлөгч Ким Ир Сен өөрийн ажлын өргөө болгон ашиглаж, тэнд гадаадын зочдыг хүлээн авч, хурал зөвлөлгөөн хийж, намын болон аж ахуйн газрын ажилтнуудтай уулзалт хийдэг байжээ. Ким Ир Сен энд ажилладаг төдийгүй амьдардаг байсан аж. Түүнийг өөд болсны дараа уг ордонг бунхан болгож хувиргасан байна.
Өнгөрсөн онд парламентын депутатууд энэ сүрлэг барилга байгууламжийг “Нарны ордон” гэж нэрлэж, солонгос хүн бүр эрхэмлэн нандигнаж байх ариун сүм гэж үзэх тухай тогтоолыг баталжээ.