Өөрийн улсын төдийгүй нийт Европын хувь заяаг тодорхойлдог гэж хэлж болох Германы Парламент (Бундестаг)-ын сонгууль өнгөрсөн сард болсон. Уг сонгуульд Ангела Меркелийн тэргүүлж буй Христосын ардчилсан холбоо (ХАХ), Христосын нийгмийн холбоо (ХНХ)-ны эвсэл ялсан юм.
Германы 62 сая сонгогчийн 71 хувь нь энэ сонгуульд оролцсон нь 2009 оныхоос давж гарчээ. Германы улс төрд байдаг уламжлал ёсоор санал өгсөн хүмүүсийн тоо их чухал. Чухамхүү энэ тоо сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын чансааг илтгэдэг. Тийм ч учраас урьд нь Канцлер байсан Гельмут Коль, Герхард Шрёдер хоёр санал өгөх байранд очихыг хамгийн нэр хүндтэй “Бильд” сонины тусгай дугаараар уламжлан олон түмэндээ уриалсан биз.
Германд сонгуулийн саналыг Берлин, Висбаден хоёрт төвлөрүүлж тоолдог юм. Бусад газраас мэдээ нэгэн зэрэг ийш ирнэ. Энэ хоёрын аль нэгд нь, тухайлбал, цахилгаан тасрах мэт явдал тохиолдвол нөгөөх нь давхар үүрэг гүйцэтгэдэг.
Энэ сонгуулийн дүнг урьдчилан таамаглаж болохоор байв. ХАХ, ХНХ-ны эвсэл 41.5 хувийн санал авсан нь өмнөх сонгуулийнхаас найман хувиар илүү байлаа. Тус эвсэл 1994 онд анх удаа 30 хувийн босгыг давж чадсан юм. Харин либералууд саяын сонгуульд үзээгүйгээ үзэв. Тэд таван хувийн ч санал авч чадсангүй. Тэд бараг 10 хувийн санал алдсан нь түүхэнд тохиолдож байгаагүй үзэгдэл юм. Сөрөг хүчний социалдемократууд 25.7 хувийн санал авсан ч ялалт байгуулагчдын хувьд бодитой өрсөлдөгч нь байсангүй. Түүний мөнхийн холбоотон “ногоонтнууд” ердөө 8.4 хувийн дэмжлэг хүлээв. Тэглээ ч суудлын тоогоор Бундестагт гурав дахь фракц болсон.
Сонгуульд өрсөлдөгчийн өнгө үнэхээр алаг эрээн гэж хэлж болохоор байв. Ялахыг хэн үл хүсдэг билээ. Улс төрийн 34 нам, хөдөлгөөн, нэгдэл оролцсон гээд боддоо. Берлиний ханыг сэргээн босгох юм уу, Дорнод Германыг байгалийн дархан цаазат газар болгохыг санал болгогчид ч тэдний дотор байлаа. Товчилж хэлбэл, Бундестагийн суудлуудын төлөө 4451 хүн нэрээ дэвшүүлж “тулалдлаа”. Эцэст нь Парламент дахь намын тоо түрүүчийнхээсээ нэгээр хорогдов.
Сонгуульд оролцсон намын тоо олон, өнгө зүс нь янз бүр байсан ч сонгуулийн сурталчилгаа харин нэг загвартай байв. Өрсөлдөгчид зарчмын хувьд шинэ юм юу ч хэлээгүй гэж “Германы долгион” радиогийн тоймч Кай-Александр Шольц дүгнэв. Тийм ч учраас “Шатаж ноцсон өрсөлдөөн хүлээх хэрэггүй байсан” гэж улс төр судлаач Рихард Шутце тэмдэглэсэн байна.
Харваас Меркелийн тактик ч ер ийм байсан бололтой. Өрсөлдөөнийг энгийн, ажил хэрэгч голдиролд оруулах нь Меркелийн хувьд “харилцан нүдэлдсэнээс” илүү өгөөжтэй гэж үзсэн аж. Энэ хандлага нь ч түүнд амжилт авчирлаа. Германы дээд зиндааныхан дотор бусдыг араасаа дагуулагчид байхгүйтэй холбоотой байв. Гудамжинд биш өрөө танхимд ажиллаж дадсан төрийн туршлагатай албан хаагчид л бусдыг дагуулагчид байдаг аж. Тиймээс “Чимээгүй байвал хол явна” гэх үг энэ сонгуулийн кампанийн уриа нь байжээ. Шинжээчдийн тооцоолсноор Германы намууд сонгуулийн өмнөх кампанит ажилд 80 саяас илүүгүй евро зарцуулсан тохиолдолд “шоу”-ны тухай юу ч ярих билээ. Харьцуулахын тулд нэг баримт хэлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлчийн сонгуульд нэр дэвшигч бүр 1.5 тэрбум доллар зарцуулсан гэж байгаа. Улс төрийн сурталчилгаа хийгч Клаус Шулерийн хэлснээс үзвэл “Телевизийн сурталчилгаанд та нар ямар хөрөнгө зарав” хэмээн америк нөхөд нь түүнээс асуухад мань эр нэг тоо хэлжээ. Хариуд нь америкчууд “Нэг цагт уу” гэж асуухад нь “Үгүй, сурталчилгааны бүхэл үеийн туршид” гэж тэрбээр хариулсан аж.
Сурталчилгааны оргил нь Ангела Меркель, түүний гол өрсөлдөгч социалдемократ Пеер Штайнбрюк хоёрын хоорондох мэтгэлцээн гэж олон хүн хүлээж байжээ. Гэтэл мэтгэлцээний өнгө аяс маш эв зохицонгуй байснаас түүнийг “теле хоёрол” гэж бараг бүх ажиглагч нэрлэсэн байна. Мэтгэлцээнд оролцогчид байдлыг хурцатгахаас аль болох зайлсхийн, харилцан санаа нийлж байжээ. Энэ нь Меркельд бас л ашигтай болсон байна. “Сурталчилгааны ажлын үед илт дутагдаад байсан зөрчлийг бий болгох гэсэн Штайнбрюкийн бүхий л оролдлого бүтсэнгүй. Түүний гаргасан санааг Меркель гойд юм биш гэж няцаасаар байв” хэмээн Иоханнес Гутенбергийн нэрэмжит их сургуулийн мэрэгжилтэн уг мэтгэлцээнийг тайлбарласан байна.
Өгүүлж буй сонгуулийн өмнө Меркелийн тэргүүлсэн Засгийн газарт бахархах юм бишгүй байв. Үүнийг сөргөөр харуулъя гэвэл Социал- демократ нам болон түүний холбоотнууд эрс алхам хийх шаардлагатай байсан ч Ангела Меркелийн нэр хүндээс эмээгээд ийм арга хэмжээ авч чадсангүй. Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгаар түүнийг германчуудын 60 хувь нь Канцлер гэж үзэж байсан бол Штайнбрюкийг түүний оронд очихыг дэмжигчид 26 хувь байлаа. Хөвж яваа онгоцыг дайвгануулбал социалдемократууд, “ногоонтнууд” өөрсдөө усанд живэх аюултай байсан бөгөөд нийгмийн шударга ёсонд уриалсан тэдний үг чихэнд гоё сонсогдохоос хэтрэхгүй байлаа. Тухайлбал, жилд 60 мянган еврогоос дээш орлоготой хүмүүст 49 хувийн татвар ногдуулахаар амлаж байсан ч энэ мэт амлалт нь одоогийн тогтвортой байдлаас илүү гарна гэх бодлыг сонгогчдод төрүүлэхгүй байв. Гарцаагүй баримтаар бол Женевт болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан өрсөлдөх чадварын чансаагаар ХБНГУ-ын эдийн засаг АНУ, Сингапураас түрүүлж эхний байранд орсон байлаа. Олон улсын тавцан дээр ч Ангела Меркель чадварлаг тоглогч болохоо харууллаа. Америктай дотно харилцаатай явж ирсэн уламжлал, гуйвшгүй холбоотны уур амьсгалаа үл харгалзан АНУ-ын бий болгосон Сирийн эсрэг эвсэлд Герман улс нэгдсэнгүй. 2003 онд Иракийн дайнд Герхард Щрёдер чухам ийм байр суурьтай байгаад олны талархлыг хүлээж байсан юм. Өнөөдөр Германы хүн амын 65 хувь нь Канцлерынхаа аядуу байр суурийг дэмжиж байна. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европ дахь өөрийн холбоотнуудаа, түүний дотор германчуудын яриаг нууцаар сонссон нь сонгогчдод нөлөөлөөгүй, Канцлер ч үүнд анхаарал хандуулахыг хичээгээгүй. Эрфуртийн социологийн хүрээлэнгийн удирдагч Херманн Бинкерт “Чухам хэний төлөө саналаа өгөх вэ гэдэг нь германчуудад тийм ч чухал биш байлаа” гэж тэмдэглэсэн байдаг. Гумбольдтын нэрэмжит Берлиний их сургуулийн профессор Бернхард Вессельс “Сонгогдын 50 орчим хувь нь санал өгөхийн өмнө тагнаж чагнасан явдлыг огт бодоогүй” гэж хэлсэн байна.
Меркелийн тухай бичсэн ном олон бий. Тэдгээрт түүний зан авир, улс төрийн шинж чанарынх нь талаар өгүүлсэн байдаг. Сонгуулийн үр дүнд Меркелийн олон чанар, тухайлбал, хурцадмал байдлыг намжаах чадвар нь сонгогчдод шууд нөлөөлсөн гэж хэлж болно. Олон нийтийн санаа бодлыг судлах хүрээлэнгийн захирал Манфред Гюнтер “Хямралын үед сонгуулийн кампанийг хурц ширүүн тэмцэл болгохыг хүмүүс хүсдэггүй. Нийт үндэстний удирдагч байх гэсэн Меркелийн байр суурь сонгогчдын талархлыг хүлээсэн. Хэзээ ч юм бэ түүний улс төрийн сул тал гэгдэж байсан зөрчлийг үл эрхэмлэх чанар нь одоо харин түүнд ашиг тусаа өгч байна” гэсэн дүгнэлт хийсэн байна. Чөлөөт сонгогчдын намын төл өөлөгч, Конрад Аденауэрын ач хүү Штефан Верхан “Сонгуулийн өмнөх Меркелийн тактик тун энгийн байв. Тэрбээр дайрч довтлох шалтаг өрсөлдөгчдөө өгөөгүй. Тэдний хамгийн чухал шаардлагыг нь хүлээн авч, гүтгэлэг доромжлолыг нь үл тоон, дахин алдаа гаргахыг нь хүлээж байсан” хэмээн тэмдэглэжээ.
Меркель хувийн үйлдвэрүүдийн уламжлал дээр түшиглэдэг хүн. Энэ салбар нь улс орны эдийн засгийн бат бэх үндэс болдог бөгөөд тэднийг Канцлер ихэд дэмжинэ. ХАХ, ХНХ-ны сонгуулийн өмнөх уриа нь “Герман бол хүчирхэг гүрэн, энэ чигээрээ байх болно” гэсэн үгтэй байв. Энэ нь Аденауэрын үед Германы консерваторууд сонгуульд орохдоо дэвш үүлдэг байсан “туршилт хэрэгг үй” гэсэн үгтэй агаар нэг юм. “Тухайн үедээ Гельмут Коль Германыг нэгтгэхийн чухлыг зоригтой хэлдэг байсан, тэгэхэд социал-демократууд энэ төслийг хэрэгжүүлэхээ азнах ёстой гэж үзэж байсан. Үр дүнг нь бид харж байна. Улс орноо салаа замын уулзвар дээр ирсэн үед зөвх өн христосын ардчилагчид л зоригтой шийдвэр гаргаж чаддаг юм” гэж Меркель мэдэгдэж байлаа. Меркелийн ачаар л итгэлтэй ялалт байгууллаа гэж шинжээчид үзэж байна.
Р..ЖАРГАЛАНТ