Ливийн нийслэл Триполи хот дахь Дипломат төлөөлөгчийн газар руу нь зэвсэглэн дайрсны улмаас Оросын дипломат ажилтнууд тус улсаас гарч явжээ. Тэдний аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээ ч тэндхийн эрх баригчид нуусангүй. Ливид суугаа ОХУ-ын Элчин сайд Иван Молотковын хэлснээс үзвэл ЭСЯ руу дайрсан шалтгааныг яг таг мэдэхгүй байгаа аж. Түүний хэлснээр бол Ливид одоо Оросын цөөн иргэн үлдсэн гэнэ.
Уг дайралт тун санамсаргүй болсноос Оросын дипломатууд, тэдний гэр бүлийнхэн айж мэгдэж ч амжаагүй гэжээ. Гэхдээ тэр нэг цаг хагасын хугацаа нь ЭСЯ-нд байсан хүмүүст үнэхээр аймшигтай байжээ. Харин аз болоход амралтын өдөр байсан болохоор тэнд хүн цөөн байж. Зэвсэглэсэн бөөн хүмүүстэй хэл амаа ололцох гээд тус болохгүй нь илт байснаас Оросын дипломатчид гэрэл, дуу чимээ гаргадаг, хүний амь насанд аюул учруулдаггүй гранат ашиглаж тэдэнд нөлөөлөхийг оролдсон байна. Гэвч Ливийн Батлан хамгаалах яамтай шуурхай холбогдсоны дүнд тэндээс зохих арга хэмжээ авсан аж.