Тархины цус бүлэгнэх өвчний шинж тэмдэг илэрсэн тул Аргентиний Ерөнхийлөгч хатагтай Кристина Фернандес де Киршнерийг дор хаяж нэг сар амрахыг эмч нар зөвлөжээ. Өнгөрсөн наймдугаар сард гэмтэл авсантай нь энэ өвчин холбоотой байж болох аж. Тухайн үед шинжилгээ хийхэд юм мэдэгдээгүй ч дахин хянаж үзэхэд тархины давхраа хооронд цус хуралдсан байжээ. Тиймээс өвчинг саармагжуулах эмчилгээ хийхээр эмч нар шийдсэн байна.
Ерөнхийлөгчийн захиргаанаас мэдээлснийг үзвэл 60 настай Киршнерийг ажлаа хийхээ болихыг шаардаагүй аж. Тэгэхдээ ямар дэглэм сахих нь одоогоор тодорхой бус байна. Түүний бүрэн эрхийн заримыг нь шилжүүлсэн эсэх талаар ч мэдээлэл алга. Хатагтай Киршнерийн эрүүл мэнд ер нь сайнгүй болжээ. Ерөнхийлөгчийн суудалд хоёр дахь удаагаа суух эрх олж авсны нь дараахан буюу 2012 оны нэгдүгээр сард түүнд мэс засал хийж бамбай булчирхайг нь авчээ. Түүнийг мөн хорт хавдартай гэсэн буруу онош тавьсан нь хожим тодорхой болсон байна.