Цөмийн зэвсэгтэй болох боломж нэг жил юм уу түүнээс урт хугацааны дараа Иранд олдоно гэж АНУ үзэж байна. Ассошнэтэд Пресс агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ийн хэлжээ. Ираны тухайд Израиль тун хатуу байр суурьтай хандаж буй. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Ираны Ерөнхийлөгчид итгэж болохгүй гэж үзэж байгаа. Түүгээр ч барахгүй Ираны Ерөнхийлөгчийг “хонины арьс нөмөрсөн чоно” хэмээн нэрлэжээ.
Хасан Рохани Ираны Ерөнхийлөгч болсноор тус улсын гадаад бодлогод дорвитой өөрчлөлт гарахгүй гэж Нетаньяху үзэж байна. Цөмийн хөтөлбөрийн хувьд Иран урьдын чиг шугамаасаа хазайхгүй гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж. Хатуухан хориг тавьж, цэрэг дайнаар айлгаж байх нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх ганц арга гэдэгт Израилийн Ерөнхий сайд эргэлзэхгүй байна.