Энэ сарын 5-нд АНУын Зэвсэгт хүчин Сомали болон Ливи улсад тусгай ажиллагаа явуулсан байна. Урьдчилсан байдлаар бол Америкийн цэргүүд Триполид үйл ажиллагаа явуулсаны дүнд “Аль-Каида”гийн өндөр албаны нэг хүнийг баривчилж, Сомалид “Аль-Шабаб” хэмээх лалын бүлэглэлийн нэг удирдагчийг устгажээ. Сомалид явуулсан тусгай ажиллагаа нийслэл Могадишо хотоос урагш байх амралт сувиллын Бараав хотод болсон байна. “Аль-Шабаб”- ын нэг удирдагчийн энд байдаг харшид гадаадын хөлсний алуурчдын бүлэглэлүүд бэлтгэл сургууль хийж байдаг аж. Уг тусгай ажиллагааг явуулсан тэнгисийн явган цэргийн бүлэг өндөр тушаалын алан хядагч амиа алдсаныг мэдэхээсээ өмнө ухрах шаардлагатай болсон байна.
“Аль-Шабаб”-ын хүмүүс болохоор довтолгооныг няцаасан, нэг хүний амь хохирсон гэж мэдэгдсэн аж. Нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар бол буудлага нэг цаг орчим хугацаанд үргэлжилжээ. 1998 онд Танзани, Кени улсуудад байгаа Америкийн ЭСЯ-нд алан хядах ажиллагаа үйлдсэн хэмээн сэжиглэн 15 жил орчим эрэн сурвалжилж байсан “Аль-Каида”-гийн өндөр албаны Анас аль-Либи гэгчийг өнгөрсөн бямба гаригт баривчилсан байна. Түүнийг баривчлахад тус үзүүлэх мэдээллийг Холбооны мөрдөх товчоо таван сая доллараар үнэлж байсан юм. 49 настай Аль-Либиг Триполи хотын захын хорооллоос баривчилжээ. ХМТ, ТТГ, цэргийнхэн хамтран ийм ажиллагаа явуулах нь гэдгийг Ливийн эрх баригчид мэдэхгүй байжээ. Гэтэл Америкийн эх сурвалж болохоор алан хядагчийг баривчлахад Ливи улс оролцсон гээд байгаа.
“Аль-Каида”-тай хэлхээ холбоотой байдаг Сомалийн “Аль-Шабаб” бүлэглэл есдүгээр сарын 21-нд Найроби хотын худалдааны төв рүү довтолсоны хариуцлагыг өөртөө хүлээгээд байгаа билээ. Энэ довтолгооны улмаас 67 хүн амь үрэгдэж, олон арван хүн сураггүй болсон юм.
Р.ЖАРГАЛАНТ