Ерөнхий сайд Энрико Леттагийн тэргүүлсэн эвслийн Засгийн газарт итгэл үзүүлж буйгаа Италийн Парламентын доод танхим энэ сарын 2-ны орой мэдэгджээ. Депутатуудын танхимын 435 гиш үүн Засгийн газрыг дэмжиж, 162 хүн эсрэг санал өгсөн байна. Доод танхимд олонхийн суудалтай АН-ын Леттагийн хамтран зүтгэгчид болон Ерөнхий сайд асан, Сенатын гишүүн Сильвио Берлусконигийн тэргүүлдэг Эрх чөлөөт ард түмний намын депутатууд Засгийн газарт итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Урьд нь Сенат Засгийн газрыг дэмжиж байжээ. Парламентын дээд танхимд ч гишүүдийн 235 нь мөн Засгийн газрыг дэмжиж, 70 гишүүн нь дэмжээгүй байна. Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх асуудлаар санал хураалгах нь зүйтэй гэж үзэж байсан Берлусконитой Засгийн газрыг дэмжих талаар зөвшилцөлд хүрсэний дараа ийм үр дүн гарчээ. Берлусконигийн хэлснээр бол Засгийн газрыг дэмжих шийдвэрийг гаргахдаа тэдний нам дотооддоо нэлээд тэмцэлтэй байсан гэнэ.
Энрико Летта зүүн төвийн АН, баруун төвийн Эрх чөлөөт ард түмэн намын төлөөллөөс бүрдсэн эвслийн Засгийн газраа өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсээр бүрдүүлсэн юм. Гэтэл Берлусконигийн дэмжлэггүйгээр Сайд нарын танхим унаж магадгүй гэх болгоомжлол Эрх чөлөөт ард түмэн намын тэргүүнийг буруутгасан шүүхийн шийдвэр гарсны дараа бий болсон юм. Берлусконигийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө зогсоох асуудлаар Парламентын дээд танхимд өнөөдөр санал хураалт болно. Хэрэв удирдагчийг нь Сенатын гишүүнээс огцруулбал Парламентыг орхино гэж депутатуудын танхимд байгаа Эрх чөл өөт ард түмэн намын гишүүд мэдэгдээд байгаа билээ
. “Mediaset” компанийн захирал байхдаа татварын луйврын хэрэгт буруутай гэж үзэж, Берлускониг 2012 онд дөрвөн жил шоронд хорихоор ялласан юм. Өршөөл үзүүлснээр ялын хугацааг нэг жил болгосон. Түүнээс гадна түүнийг төрд алба хашихыг нь таван жил хорьсон билээ. Энэ ялыг Италийн Дээд шүүх 2013 оны наймдугаар сард хэвээр үлдээжээ.
Р.ЖАРГАЛАНТ