Химийн зэвсгийг устгах олон улсын мэргэжилтнүүдийн баг энэ сарын 1-нд Сирид ирлээ. 20 хүнээс бүрдсэн энэ баг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол дээр үндэслэн устгах зэвсгийн нөөцийг бүртгэн цэгцлэх юм. Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид бас Ливанаас Сирийн нутагт хүрч ирэв. Тэд Дамаскад очиж Сирийн гадаад бодлогын төв байгуулагын төлөөлөгчидтэй уулзана.
Мэргэжилтний баг дотор нэг орос хүн ажиллана гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллемийн үзэж буйгаар бол химийн зэвсгийн 19 агуулахын долоо нь байлдаан болж буй нутагт байдаг аж.
Олон улсын шинжээчид тэдгээрт хүрэхийн тулд дайтаж буй талууд түр хугацаагаар гал зогсоох тохиролцоонд хүрэх шаардлагатай. Төлөвлөснөөр бол Сирийн эрх баригчид ирэх оны дунд үе болоход химийн зэвсгийн нөөцөө устгасан байх ёстой. Энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх эхний үе шатанд химийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг тоног төхөөрөмжөө устгана. Цаашдаа одоо байгаа нөөцийн зарим хэсгийг тус улсаас гадагш аваачин устгаад, үлдсэнийг нь олон улсын шинжээчдийн хяналт дор Сирид үгүй хийх учиртай. Одоо бидэнд мэдэгдэж буй баримтаар бол Сири улс цэрэг дайны зорилгоор ашиглаж болох 1000 гаруй тонн химийн бодистой аж.
Химийн зэвсгийг нь устгахаар ОХУ, АНУ-ын тавьсан саналыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хүлээж авсан байна. Хүлээж аваагүй бол АНУ болон түүний холбоотон зарим улс Сирийн хэрэгт цэргийн хүчээр оролцохоор төл өвлөөд байв.
Р.ЖАРГАЛАНТ