Дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг бүхий БНХАУ удаан хүлээлгэсэн эдийн засгийн шинэ хувьсгалаа эхлүүлснийг гэрчлэх Шанхайн худалдааны чөлөөт бүс нээгдсэн тухай “Guardian” мэдээлэв. 29 ам км том талбайд байгуулсан уг нүсэр худалдааны бүсийн нээлтэд БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен оролцжээ. “Энэ чөлөөт бүс БНХАУ-ын олон улстай хийх идэвхтэй худалдаа, бизнесийн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлт авчрах болно” гэж тэрбээр ярьсан байна.
Мөн юанийн гүйлгээ идэвхжиж, БНХАУ өөрийн мөнгөн тэмдэгтээ ам.долларын оронд дэлхийн голлох дэвсгэрт болгох зорилтод ч эергээр нөлөөлөх магадлалтайг шинжээчид онцлов. Сонирхуулахад, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 7.7 хувьтай байсан нь сүүлийн 13 жилийн доод үзүүлэлт болсон билээ. Тиймээс тус улсын удирдлага эдийн засгийн хувьсгал хийхээр зэхэж, урт хугацаанд үр нөлөө үзүүлэх олон чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.