Хүн бүхний хүслийн гүн рүү өнгийвөл, дэлхий ертөнцийг хөндлөн гулд туулж, байгалийн үзэсгэлэнт газраар аялан, үндэстэн бүрийн соёлын нэгээхэн хэсэгтэй ч болов танилцаж, алжаалаа тайлангаа сэтгэлийн таашаал авах юмсан гэсэн нууцхан хүсэл байдаг нь дамжиггүй. Гагцхүү энэ хүсэл нь их, бага байдгаараа л өөр хоорондоо ялгарч байдаг. Гэсэн ч очиж үзээгүй хүн бараг байхгүй, нүдээрээ хараагүй ч сонсоогүй хүнгүй, алдартай газрууд олон учраас байдаг л зүйл юм шиг ханддаг болчихсон. Тэгвэл бичигч миний бие энэ удаад хүмүүс мэддэг, урьд нь дуулсан мэт боловч тэр бүр яригдаад байдаггүй ер бусын үзэсгэлэнт газрын тухай өгүүлэхийг зорилоо.
Энэ бол Германы Бауэрн мужийн зүүн өмнөд хэсгийг эзлэн орших Ваттын хойгийн байгаль, аж үйлдвэр, соёлын өвийг гайхалтай хослуулсан Берхтесгадэн тосгон юм. Үлгэрийн гэмээр байгальтай тус нутаг 1102 оны үед Августин Хорхеррен нэртэй жижиг Вант улс байжээ. Хожим 1156 онд Берхтесгадэн хэмээх одоогийн нэрээ тамгалуулсан юм. Тухайн үед энд аялал жуулчлал хараахан хөгжөөгүй байсан хэдий ч XIX зууны дунд үеэс түүний үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд нь жуулчдыг соронзон адил татсаар байлаа. Франц Расп захирагчтай Берхтесгадэн тосгон далайн түвшнээс дээш 572 метрт байрладаг, 35.61 хавтгай дөрвөлжин км газар нутаг, 7684 хүн амтай Германы соёлын төвүүдийн нэг юм. Эргэн тойрон Альпын сүрлэг уулсаар хүрээлэгдэж, Хааны нуураар гоёсон энэ газар эртний уламжлалаа хадгалж үлдсэнээрээ онцлогтой.
Хэрвээ та байгалийн сайхныг мэдэрч, цэвэр агаараар амьсгалж, амрахыг хүсвэл Берхтесгадэн тосгоныг сонгож болно. Хэн ч, хэзээ ч очсон жилийн дөрвөн улирлын турш аяллын төрөл бүрийн хөтөлбөр нь зорьж очсон хүн бүрт зэхээстэй байдаг гэнэ.
Үлгэрийн зун
Нарны туяа хамар гижигдэн, цэцэгсийн анхилуун үнэр сэтгэлд мэдрэгдэх цэнгэг агаарын улирал зун айлчлахад Та ачаа тээшээ зэхээд, үүргэвчээ үүрээд аян замдаа гараарай. Энд байх жуулчны 26 бааз аялагчдын ая тухтай байх бүх нөхцөлийг хангаж өгдөг. Цэнгэг агаарт тусгайлан зассан замаар дугуйн аялал хийж, өндөр уулын нугаар алхангаа үлгэрийн тосгоныг биширч, нуурын эргээр зугаалан, Альпын нуруунд авирч ч болно. Эндхийн цаг агаар чийглэг, дулаан, өвөлдөө хэт хүйтрэхгүй дундаж температур нь 2.7 хэм хүйтэн, зундаа 16.3 хэм дулаан байдаг гэнэ. Берхтесгадэн тосгонд та зуслангийн байшин, дээд зэрэглэлийн 3.5, 4 одтой зочид буудалд тухлангаа олон жил дарсан амтат дарсыг амтлах боломжтой. Үүнээс гадна энд байх цэнгээний газар, рестораны үүд хаалга үргэлж нээлттэй байж, үндэстнийхээ идээ ундаагаар аялагчдыг дайлдаг аж.
Цас, цана, Чарга
Цалин цагаан цас Берхтесгадэний үзэсгэлэнг улам тодотгож, шил шилээ даран сүндэрлэх уулсын хөндийд ид шидийн өвөл айлчилна. Цанын спортод хамгийн тохиромжтой тус тосгонд цана, чарга, өвлийн спортын хорхойтнууд цугларч, улирлын турш хүний хөл, дуу чимээ тасрахгүй. Тухайлбал, цанын спортын дэлхийн аваргууд энд л ирж бэлтгэл, сургуулилалтаа хийдэг аж.
Өндөр уулын оройгоос чаргаар буун, эрч хүчийг мэдэрч, нуурын мөсөн дээр тэшүүрийн гайхамшгийг үзүүлэн, олон төрлийн цанын замаар дов сүлжин гулгаж, эр зоригоо гайхуулах боломж хүн бүрт бий. Үүний тулд Берхтесгадэний гайхамшигт хөндийд 19 төрлийн цанын бааз үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд та цанаар гулгаж чадахгүй хэмээн эмээж байгаа бол энд чадварлаг багш нар курс хичээллүүлдэг гэсэн. Түүгээр ч барахгүй морин чаргаар зугаалуулж, сэтгэл ханамжийн баталгаа гарган, таны аяллын тав тухыг бүрэн хангах аж. Мөн агаарын шатаар аялуулахаас гадна бамбартай аялал зохион байгуулдаг гэнэ. Үдэш нь жимсний коктейл шимэн өдрийн дуу чимээнээсээ ангижирч, тохилог ресторанд тус тосгоны болон олон үндэстний амтат хоол зооглож, уянгалаг хөгжмийн аянд үлгэрийн юм шиг амрах болно. Түүнчлэн Зул сарын баяр, он солигдох мөчөө энд үдэх боломжтой. Ийм учраас энд ирсэн хүн бүр эргэж ирэхийн хүслээр дүүрэн буцдаг аж.
Берхтесгадэны дурсгалт газрууд
Байгалийн үзэсгэлэнгээ хадгалж, сэргийлэх талаар дэлхийд үлгэр жишээ болсон нэгэн үндэсний цэцэрлэгт хүрээлэн Берхтесгадэнд байдаг. Энд дэлхийд ховорт тооцогдох дэгд, цагаан уул цэцэг байдгаас гадна Европтоо хосгүй хэмээн хэлэгддэг тарвага, янгир, бүргэд зэрэг амьтад бий. Энэ мэт жуулчдын анхаарлын төвд үргэлж байх Цогчин дуган, ХII зууны үеийн хааны ордны уран баримал, барилга байгууламжууд, Бауэрн мужийн гаат ургамал нь тус нутгийн соёлын өв юм. Эдгээрээс гадна Хааны нуурт нь ногоон маргад эрдэнэ элбэг байдгаараа алдартай.
Аяллын маршрут
Үзэсгэлэнт нутгийг зориход тээврийн хэрэгсэл чухал үүрэгтэй. Гэсэн ч Альпын сүрлэг уулсын Берхтесгадэнг чиглэх шууд нислэг манайд байхг үй. Зөвлөхөд Улаанбаатараас Берлин рүү нисээд, тэндээсээ галт тэргээр Берхтесгадэн руу аялж болно. Ингэж зорчиход Улаанбаатар-Берлин хоёр талдаа 1.429000-5.212500 төгрөг, Берлин- Берхтесгадэн 200 орчим евро зарцуулагдах юм. Эсвэл тус тосгоноос хамгийн ойр орших дараагийн том хот Мюнхенээр дамжин илүү хямд явах боломж бий. Дурдвал, Берлин-Мюнхен 125 евро бөгөөд Мюнхен-Берхтесгадэн 35 евро байдаг юм. Эдгээрээс гадна Берлинээс Мюнхен рүү 25-30 евро төлж явах хямд автобус байгаа. Хэдийгээр замдаа олон цаг зарцуулах ч очсон хойноо гайхалтай амралтыг мэдрэх юм.
Г.Ариунцацрал