НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцохоор Нью-Йоркт ирсэн Ираны төлөөлөгчид өөрийн төрийн тэргүүнийг АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзуулахаас татгалзжээ. Уулзах санаачилгыг Америкийн тал гаргасан аж. Ийм уулзалт зохион байгуулахыг Ираны төлөөлөгчид “хэтэрхий түвэгтэй” гэж үзсэн байна. Үүний дараа Ираны Ерөнхийлөгч Хасан Рохани Ерөнхий Ассамблей дээр үг хэлэхдээ хоёр орны харилцааг түгшүүртэй болгохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдээд, цөмийн маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд даруй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэв. Түүний зэрэгцээ Ираны цөмийн хөтөлбөр энхийн шинж чанартайг онцолсон байна.
Олон улсын хориг арга хэмжээ авахыг “харгис” үйлдэл хэмээн нэрлэж, уг арга хэмжээнээс болж улс төрийн дээд зиндааныхан биш энгийн хүмүүс хэлмэгдэхийг сануулжээ. Тэгвэл Роханийг Израилийн төлөөлөгчид “увайгүй”, “зусарч” хэмээн зэмлэв. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хэлснээр бол Иран цөмийн зэвсэгтэй болох боломж олохын тулд цаг хожихыг эрмэлзэж байгаа аж. АНУ болон Европын холбоо эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар Ираныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах бодолтой байгаа бололтой.
Өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хасан Рохани дипломат алба хашиж байсан бөгөөд Өрнөдтэй харилцаагаа сайжруулах үүднээс уран баяжуулах ажиллагаагаа түр зогсооход бэлэн хэмээн мэдэгдээд буй юм.