Хятадын гэмт бүлгийн толгойлогч Чуаньбо Лу-г Өмнөд Солонгост баривчилжээ. Хятадын эрх баригчид түүнийг хүний амь насанд халдсан, зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон гэж буруутгадаг аж. Хятадын энэ гэмт хэрэгтнийг баривчилсан нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцөд томоохон цохилт болно гэж Интерпол үзэж байна.
Лу-г энэ сарын 1-нд Сөүлд хятадуудад хүлээлгэж өгчээ. Түүнийг баривчлахын тулд Сөүл хотын тансаг районд байх гэрийг нь хараа хяналтдаа авсан аж. Тэрбээр Хятадад байдаг өөрийн гар хөлийн хүмүүсийг чухам эндээс залж чиглүүлж байжээ. Түүний удирддаг бүлэг айлган сүрдүүлэх, авлига авах, мансууруулах бодис наймаалах, мөнгө угаах, мөрийтэй тоглох зэрэг гэмт хэрэг үйлддэг байжээ.