Энэтхэгийн Батлан хамгаалах яаманд ойр эх сурвалж ИТАР-ТАСС-ын сурвалжлагчид ярьснаас үзвэл Мумбай хотын усан буудалд “Синдуракшак” гэдэг усан доогуур явдаг завь живсэн нь түүнд байлдааны хэрэгсэл ачихдаа гаргасан алдаанаас үүдэлтэй аж. Уг завь дэлбэрсэн бололтой. Гэхдээ завийг усан дээр гаргаж ирсний дараа л живсэн шалтгааныг мадаггүй тодорхойлж болох гэнэ.
Эх сурвалжийн өгүүлснээр бол живсэн хөлгийг татаж гаргах ажилд оролцогчдыг шалгаруулахаар тендер зарласан бөгөөд түүнд гадаад орны хувийн компани ч оролцож болох юм байна. Завь долоо орчим метрийн гүнд байгаа аж. Түүнийг гаргаж авахад 3-4 сарын хугацаа хэрэгтэй гэнэ. Наймдугаар сарын 14-ний шөнө живсэн усан доогуур явдаг энэ завийг Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний захиалгаар Оросын Петербургийн усан онгоцны үйлдвэрт 1997 онд хийсэн байна.
Түүнийг Орост “Звёздочка” гэдэг усан онгоцны засварын газар засаж сайжруулаад дөрөвдүгээр сард Мумбай хотын буудалд авчирчээ. Дэлбэрэх үед түүн дээр багийн 18 хүн байжээ. Тэдний 12-ынх нь цогцсыг олсон байна. Аврах ажиллагааг нийтдээ 1500 гаруй цаг үргэлжлүүлж байгаа аж.