НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро болон төлөөлөгчдийн бусад гишүүдэд хүндэтгэлтэй хандах баталгаа хүсэж Венесуэл улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд захидал илгээв. Тус улсын Гадаад хэргийн сайд Элиас Хауа энэ талаар мэдээллээ.
“Ерөнхийлөгч болон түүнд бараа болж явах хүмүүст АНУ-ын Засгийн газрын зүгээс хүндэтгэлтэй хандах баталгаа хэрэгтэй байна” гэж тэрбээр телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Ерөнхийлөгчийн тэргүүлсэн Венесуэлийн төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцох эсэх асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. Николас Мадурогийн хөлөглөсөн онгоц агаарынх нь орон зайгаар нисэж өнгөрөхийг АНУ-ын эрх баригчид зөвш өөрөхгүй байгаа юм. Ийм хэл ам гараад нэлээд хэд хонож байна. Түүнээс гадна Венесуэлийн засаг захиргааны удирдагч Вильмер Баррьентост виз өгөхөөс АНУ бас татгалзсан юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох Венесуэлийн бүх төлөөлөгчид виз олгох нь АНУ-ын хүлээсэн үүрэг болохыг Николас Мадуро тэмдэглээд, Вашингтоны энэ эзэрхий байдалд дипломат ёсны хатуу арга хэмжээ авч хариу барина хэмээн мэдэгдээд байгаа.
Венесуэл, АНУ хоёрын хоорондох дипломат харилцаа “хэргийг түр хамаарагчийн” түвшинд хүртэл доошлоод бараг гурван жил болж байгаа юм. 2010 оны эцсээр Каракаст суух АНУ-ын Элчин сайдаар Ларри Палмер гэгч томилогдоод байхдаа Венесуэлийн цэргийнхэн ёс суртахуун муутай, тэд бас Колумбийн босогчидтой холбоотой хэмээн Конгрессийн хуралдаан дээр мэдэгдсэн байна. Үүний хариуд тухайн үед Венесуэлийн Ерөнхийлөгч байсан Уго Чавес “Энэ эрхэм хэзээ ч Каракаст Элчин сайдаар суухгүй” гэж хэлсэн аж. Ингэснээр Венесуэлийн талаас Палмерт зөвшөөрөл өгөхийг хүлээлгүйгээр Цагаан ордон Венесуэлийн Элчин сайд Бернардо Альварест мөн зөвшөөрөл өгөх өө татгалзсанаас тэрбээр нутаг буцсан билээ.
Р.ЖАРГАЛАНТ