АНУ-ын Техас муж улсын шүүгч Эйбел Лимас авлига авч, захиалгат шийдвэр гаргасны учир саяхан зургаан жилийн хорих ял авав. Тэрбээр найман жилийн хугацаанд дөрвөн сая гаруй доллар хууль бусаар авсан байна. 59 настай Лимас 2001 онд Камерон тойрогт шүүгч болохоосоо өмнө өмгөөлөгч байж, түүнээс урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан аж. Энэ хэргийг мөрдөн шалгах ажилд оролцсон Холбооны мөрдөх товчооны ажилтан Марк Грипкагийн хэлснээр бол Лимас бусдад хүргэсэн өөрийн тусыг гайхалтай хямдхан үнэлж байжээ. Хэрэгтэй шийдвэрийг нь гаргаж өгөөд 300 юм уу, 500 мянган доллар л авч байсан аж. Түүний жилийн орлого нь 100 мянга орчим доллар юм байна.
Лимас осолд орж сүйрсэн нисдэг тэрэгтэй холбоотой хэргийг шалгахдаа нэг талынх нь өмгөөлөгчидтэй хуйвалдаж 100 мянган долларыг “урьдчилгаа” болгон авч, нэхэмжлэлийн дагуу өгөх нийт төлбөрийн 10 хувийг нь авахаар тохирсон байснаас ийн хэрэгт татагджээ. Эцсийн нийт төлбөр нь 14 сая доллар аж. Тэрбээр эдгээр мөнгийг авч чадсан эсэхийг бүү мэд. 2010 оноос түүний хэргүүд гарцаагүй баримтаар нотлогдсон учраас шүүгч нь мөрдөн байцаагч нартай хамтарч ажиллах болжээ.
Үүний ачаар тэндхийн прокурорын байгууллага дахь авлигын гэмт хэргүүдийг илчилж чадсан байна. Тойргийн прокурор Армандо Вильялобос хүний амь хороосон гэмт хэрэгтнийг “түр хугацаагаар” сулласныхаа төлөө 80 мянган доллар авсан байв. Гэмт хэрэгтнийг одоо болтол эрэн сурвалжилж буй гэнэ.