Канцлер Ангела Меркелийн тэргүүлж буй Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбооны эвсэл Германы Бундестаг (Парламент)-ийн сонгуульд ялалт байгуулав. Тус эвсэл саналын 41.5 хувийг авч хоёр Герман нэгдсэнээс хойш хамгийн дээд амжилтыг үзүүллээ. Гэлээ ч сонгуулийн энэ үр дүн Бундестагт харьцангуй олонх байх болзлыг хангаагүй тул Засгийн газраа бүрдүүлэхийн тулд эвсэл өөр хүчинтэй хамтрахаас аргагүй юм байна. 25.7 хувийн санал авсан зүүн төвийн Социалдемократ нам хоёрт орсон аж. Түүнчлэн 8.6 болон 8.4 хувийн санал авсан “Зүүнтнүүд”, “ногоон” нам Парламентад суудалтай болжээ.
Одоо эрх барьж буй эвсэлд Христосын хоёр холбоотой хамтарч байгаа Чөлөөт ардчилсан нам 4.8 хувийн санал авч Парламентын босгыг давж чадсангүй. 50 гаруй жилийн түүхэндээ энэ нам анх удаа Парламентын гадна үлдэв. Шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар бол Христосын хоёр холбоо Социал-демократ намтай хамтарч их эвсэл байгуулж магадгүй юм. Ангела Меркелийг анх удаа Канцлер болоод байсан 2005- 2009 онд ийм эвсэл байгуулж байв. Энэ онд түүнийг Засгийн газрын тэргүүнээр сонгох юм бол тэрбээр энэ суудалд гурав дахиа сууна гэсэн үг юм.