Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төв рүү зэвсэгт этгээдүүд дайрсны улмаас 39 хүний амь үрэгдэж, 150 орчим хүн шархаджээ. Энэ мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кеньятта ард түмэндээ хүргэв. Түүний хэлснээр бол өөрийнх нь гэр бүлийн хэд хэдэн хүн энэ алан хядах ажиллагааны золиос болсон байна. Амиа алдагсдын дотор хоёр франц хүн байснаас гадна англи хүмүүс ч амь үрэгджээ. Алан хядагчдын нэгийг барьж авсан ч тэр нь шархаа даалгүй амьсгал хураажээ.
Сомалийн “Аль-Шабаб” хэмээх лалын алан хядагч бүлэглэлийнхэн автомат буу, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэн Найроби хотын “Уэстгейт” хэмээх худалдааны төв рүү өнгөрсөн бямба гаригийн үдийн алдад дайрсан аж. Сомалид болсон цэрэг дайны ажиллагаанд Кенийн дайчид оролцсоны өшөөг авч энэ хэргийг үйлдсэн байна. Тэд худалдааны төвд байсан лалын шашинтнуудад гар хүрээгүй гэнэ.