Малийн Засгийн газар шинэ Ерөнхийлөгч Ибрахим Бубакар Кейтийн удирдлагаар лхагва гаригт хуралдаж Парламентын сонгуулийг арваннэгдүгээр сарын 24-нд хийхээр шийдвэрлэсэн байна. Шаардлага гарвал дахин санал хураалтыг дараа сарын нь 15-нд хийх аж. Сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлыг арваннэгдүгээр сарын 3-22-нд хийх гэнэ.
Улс төр судлаач Салиф Сидибе ИТАР-ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа “Засаглалыг бүрэн хууль ёсны болгож улс оронд тулгарсан асуудал, зорилтыг үр дүнтэй шийдвэрлэх боломжтой болохын тулд Малид Парламентын сонгуулийг ойрын үед хийх нь чухал байна” гэж хэлжээ. Маличууд шинэ Ерөнхийлөгчөө наймдугаар сард сонгосон юм. Шинжээчийн хэлснээс үзвэл есдүгээр сард эмхлэн байгуулагдсан Ерөнхий сайд Умар Татам Лигийн тэргүүлсэн Засгийн газар Парламентын сонгуулийн дараа огцрохыг үгүйсгэхгүй аж.
68 настай Ибрахим Бубакар Кейт засгийн эрхэнд гарснаар 2012 оны эхээр армийнхан цэргийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Амаду Ту мани Турег огцруулж, тус улсын умардын өргөн уудам нутгийг радикал үзэлт бүлэглэлүүдийн гарт өгснөөр бий болсон улс орныг хамарсан хурц хямрал арилах болов уу хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж.