Сирийн эрх баригчид өөрийнхөө ард түмэнтэй биш “Аль-Кайда”-тай холбоотой алан хядагчидтай байлдаж байна гэж Fox News телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Босогчдын талд 80 гаруй орны лалын дайчид тулалдаж байгаа. Бидэнд байгаа баримтаар бол босогчдын 90 хүртэл хувь нь лалын дайчид гэж тэрбээр нэмж хэлжээ. Дашрамд тэмдэглэхэд ирэх оны тавдугаар сард хийхээр төлөвлөж буй Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэхээ Башар Асад одоогоор шийдээгүй байгаа бололтой. Дээрх ярилцлагын үеэр тэрбээр ийн мэдэгджээ.
Намайг энэ сонгуульд нэрээ дэвшүүлэхийг ард түмэн маань хүсэж буй эсэхийг уг үйл явдал нэлээд ойртсон үед мэдэх хэрэгтэй. Одоо бол хэтэрхий эрт байна гэж тэр хэлсэн аж. Улс орныхоо эрх ашгийн төлөө огцроход бэлэн үү гэсэн асуултад Башар Асад хариулахдаа “Би Сирийн Ерөнхийлөгч байх эсэхийг иргэд маань саналын хуудсаар шийдэх ёстой. Түүнээс биш өөр хэн нэгэн бидний нөхөр ч, дайсан ч үүнийг шийдэж чадахгүй” гэсэн байна. Орос мэтийн Сирийн анд нөхдийн хэн нь ч манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй. Ийм хэргийг харин АНУ болон түүний гар хөл болсон зарим улсууд л хийдэг юм гэж Башар Асад бас хэлжээ. Алан хядах ажиллагаа, шашны хэт үзэлтэй тулгараад ирэхээрээ Сирийн иргэдийн ихэнх нь дотоодын зэвсэгт зөрчилдөөнд Засгийн газраа дэмжиж байна гэж тэр хэлсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ