Дөрвөн хүний аминд хүрсэн хэмээн сэжиглэгдэж байсан Австрийн хулгайн анчин Алоиз Хубер гэгчийг энэ сарын 18-ны шөнө гэртээ үхсэн байхыг нь олсон байна. Түүнийг баривчлах гэж удаан хугацаанд оролдсоны эцэст ийм явдал болсон аж. Цагдаагийнхан 55 настай тэр эрийг өөрийгөө шатаасан гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ олдсон уг цогцос ихэд түлэгдэж, танигдах аргагүй болсон байв.
Вена хотоос өрнө зүгт 90 км зайд байх фермийн аж ахуйдаа хориглолт хийж өөрийгөө хамгаалсан байснаас уг аж ахуйг эзлэх ажиллагаа таван цаг үргэлжилжээ. Энэ хугацаанд хууль сахиулах байгууллагынхан түүнтэй утсаар холбогдох гэж оролдоод чадаагүй гэнэ.
Фермийг эзэлж авах ажиллагаанд цэргийн техник ашиглаж, хэдэн зуун цагдаа, түүний дотор “Кобра” гэдэг тусгай ангийн дайчид оролцсон байна. Фермийн аж ахуйд түймэр гарсан бөгөөд түүнийг унтраасны дараа шарилыг олжээ. Хубер 60 км зайд байх Аннаберг хотоос зугтаж энд ирээд энэ сарын 17-ноос нуугдаж байжээ. Цагдаагийн ажилтнууд шалгахаар Хуберийн машиныг зогсоосноос бүх юм эхэлсэн байна. Тэрбээр гурван цагдаа, энд очсон түргэн тусламжийн бага эмчийг шууд буудаж устгаж орхисон аж. Анна берг хотын ойролцоо, замаас холгүй газар толгойг нь тайраад авчихсан бугын хэд хэдэн цогцос олдсоноос хулгайн анчдыг эрж хайж эхэлжээ.