Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг Израилийн эрх баригчид анх удаа хүлээн зөвшөөрөв. АНУ-д суугаа тус улсын Элчин сайд Майкл Орен ийн мэдэгдсэн байна. Одоогийн Сири Ираны эвслийг хэвээр үлдээснээс “Аль-Кайда”-гийн дайчид оролцож буй ч гэсэн босогчдыг ялалтад хүргэх нь дээр гэж Израиль үзэж буй аж. Түүнчлэн Асадын оронд ирэх хүмүүс тус улсын анд нөхөд биш байна гэдгийг Израилийн удирдлага сайн ойлгож байгаа. Гэхдээ “Стратегийн үүднээс хандвал Асадын дэглэм тулгын чулуу нь болж буй Тегран-Дамаск-Бейрутийн гурвалжин бүр ч аюултай” гэж Орен өөрийн байр суурийг тайлбарласан байна.
Сирийн зөрчилдөөнд Израилийн баримтлах улаан шугам гэж бий бөгөөд манай улс түүнийг давж гишгэж болохгүй. АНУ-аас ялгаатай нь хүн амынхаа эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай бид ярьж буй юм биш, харин энэ зэвсгийг “Хизбола” юм уу, өөр алан хядагч аюултай бүлэглэлийн гарт өгчих вий хэмээн сэрэмжилж байна. Хэрэв ингэх юм бол бид хөл хөсөр, гар газар суухгүй гэж Израилийн дипломат хэлжээ. Тус бүс нутаг дахь дипломат харилцааны асуудлыг тэрбээр хөндөхдөө өөрийнх нь улсын эрх ашиг Ираныг эсэргүүцэж, Сирийн сөрөг хүчийг дэмжиж байгаа Персийн булангийн араб орнуудынхтай хэзээ ч байгаагүйгээр нийцэж байгаа гэсэн аж.
Сирийн босогчид ч, Засгийн газар нь ч Израильд дургүйгээ нуудаггүй. Үнэн хэрэг дээрээ түүнийг сүйрээсэй гэж хүсдэг ч, уршигт дагавар гарахаас болгоомжлон аль нь ч Изриалийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй юм.
Р.ЖАРГАЛАНТ