Вашингтонд болсон буудалцааны үеэр амиа алдсан хүмүүст гашуудал илэрхийлж Холбооны байгууллагуудын байранд байгаа төрийн далбааг бөхийлгөхийг Ерөнхийлөгч Барак Обама зарлиг болгов. Цагаан ордон, Конгрессын байшин, Элчин сайдын яамд, Консулын газрууд болон хилийн чанадад байгаа АНУ-ын төлөөлөгчийн газруудын байр, хуурай замын цэрэг, флотод төрийн далбааг энэ сарын 20 (баасан гариг) хүртэл бөхийлгөх юм байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ажилтан байсан 34 настай Аарон Алексис өнгөрсөн даваа гаригийн өглөө Вашингтонд байдаг Тэнгисийн цэргийн хүчний хангалтын албаны штабын байранд гал нээж 13 хүний амийг хохироосон юм. Аарон Алексис 2011 онд халагдсан аж. Тэрбээр цагдаагийн суманд өртөж амиа алджээ. Түүний үйлдлийн шалтгааныг тогтоогоогүй байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол энэхүү Аарон Алексис гэгч нь Тэнгисийн цэргийн хүчний нисэх төхөөрөмжүүдэд үйлчилгээ үзүүлдэг цахилгаанчин байжээ. Тэрбээр 2007-2011 онд ийм ажил эрхэлж байсан аж. Алексис урьд нь ч хууль зөрчиж байсан байна. Биедээ зэвсэг авч явснаас нэг бус удаа түүнийг цагдаа нар саатуулж байв.
Гэтэл түүний дотнын найз нь Алексисийг хүн алсан гэдэгт итгэхгүй байгаа гэнэ. “Тэр хатуу чанга хүн, гэхдээ хүн алчихна гэж би бодохгүй байна” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ түүний хэлснээр бол Алексис гэгч аялж жуулчлах, ууж, наргиж цэнгэх дуртай нэгэн бололтой. Сүүлийн жилүүдэд Алексис Experts компанид ажиллаж байсан нь тус компанийн захиралтай холбоо барьсны дараа л сэтгүүлчдэд тодорхой болсон байна. Цагдаагийн газрынхны баримтаар дээр өгүүлсэн буудалцааныг гурван хүн үйлджээ. Тэдний нэг нь буюу Алексис алагдсан бөгөөд нөгөө хоёрыг нь хайж буй аж. Буудалцаан болсон газар руу Алексис хуурамч баримт бичгээр нэвтэрсэн байна. Биедээ винтов, гар буу, үрлэн сумтай буу авч явжээ.
Уг үйлдлийг Ерөнхийлөгч Барак Обама нэг л төрлийн олноор нь хөнөөх үйлдэл гэж үзсэн байна. Америкийн Ерөнхийлөгчийн өргөөний нутаг дэвсгэр дээр буудалцаан боллоо гэх мэдээлэл үүнээс хэдхэн цагийн дараа хүмүүсийн сонорт хүрэв. Тухайн үед тэнд байсан сэтгүүлчид, Нууц албаны ажилтнуудыг яаралтай дотогш нь оруулжээ. Тэгэхнээ Ерөнхийлөгчийн өргөөний дэвсгэр газар руу хэд хэдэн цаасан буу шидсэн байв. Шидсэн хүнийг нь ч барьж саатуулжээ.
Р.ЖАРГАЛАНТ