“Сэтгэлгээний эрх чөлөөний төлөө” Сахаровын нэрэмжит Евро парламентын 2013 оны шагналд нэр дэвшигчдийг тус Парламентын Гадаад бодлого, хөгжлийн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны хамтарсан хурал дээр танилцуулах аж.
АНУ-ын Аюулгүй байдлын агентлагийн мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулах ажлыг зохион байгуулж, одоогоор Орост толгой хоргодож буй Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден, ЮКОС компанийн тэргүүн Михаил Ходорковский, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, шоронд хоригдож буй Алесь Беляцкий, Николай Статкевич, Эдуард Лобов, 2012 оны аравдугаар сард талибуудад буудуулж толгойдоо шарх авсан 15 настай пакистан охин Малала Юсуфзай нарын нэрийг Европарламентын депутатууд уг шагналд дэвшүүлэхээр зэхэж байгаа аж. Тэдний танилцуулах хуудсыг энэ сарын 30-нд олонд зарлаж, аравдугаар сарын 10-нд Европарламентын улс төрийн фракцуудын тэргүүн нар шагнал хүртэх хүний нэрийг сонордуулах юм.
Шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сард Страсбург хотноо чуулган хийх үед болно. Хүний эрхийг хамгаалах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хүн, байгууллагад энэ шагналыг хүртээдэг юм. Нэрийг Европарламентын депутатуудын фракц юм уу бүлэг дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигчийн төлөө дор хаяж 40 хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой.
Р.ЖАРГАЛАНТ