Орост шүүмжлэлтэй ханддагийг нь олон түмэн андахаа байсан Америкийн Сенатын гишүүн Жон Маккейн The New York Times сонинд Владимир Путиний бичсэн өгүүллийн хариуг “Правда” сониноор нь дамжуулан өгнө гэж мэдэгдэв.
Маккейн CNN-ийн сурвалжлагчтай ярилцахдаа Орост хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байдгийг шүүмжлээд, “Правда” сонинд дуртайяа өгүүлэл бичихсэн гэж наргиан болгоод хэлчихсэн аж. Энэ ярилцлагын хэсгийг нь The Foreign Poliсy сонин Оросын уншигчдад хүргэчихсэн учраас Сенатын гишүүн өгүүлэл бичихээс аргагүйд хүрсэн бололтой. “Правда” сонины англи хэлээр гардаг хувилбарын редактор Дмитрий Судаков “Жон Маккейн шиг нэрд гарсан улстөрчийн бичсэн материалыг нийтлэх нь нэр төрийн хэрэг” гэсэн утгатай үг хэлчихжээ. Тэгэхдээ Судаков Сенатын гишүүн Оросын эсрэг байр суурьтайг мэддэгээ ч хавчуулаад авсан байна. Түүнээс гадна Орост хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал гэж Маккейн мэдэгдсэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа ч илэрхийлсэн аж. Энэ салбарт Оросын бодит байдал ямар байгааг Маккейн мэддэггүй юм байна гээд, Сенатын гишүүн, Рональд Рейганы багт байсан Пол Крейг гэж Америкийн өөр нэг улстөрч “Правда” сонинд өгүүллээ нийтлүүлж байсныг тэмдэглэсэн байна.
Маккейний төлөөлөгч сурвалжлагчтай ярилцахдаа Пол Крейг Робертс хэзээ ч Сенатын гишүүн байгаагүй, харин Рейганы үед Сангийн сайдын эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах нь байсан гэсэн байна. Маккейн “Правда” сонинд нийтлүүлэх материалаа ирэх долоо хоногт, есдүгээр сарын 18-наас өмнө орос хэл дээр хөрвүүлэн хүргүүлэх гэнэ. Владимир Путин энэ сарын 11-нд The New York Times сонинд хэвлүүлсэн өгүүлэлдээ Сирийн асуудлаарх Оросын байр суурийг илэрхийлэхдээ Сирийн дотоодын янз бүрийн зөрчилд АНУ-ын зүгээс хүчээр оролцох гэсэн оролдлогыг шүүмжилжээ.
Р.ЖАРГАЛАНТ