Худал мэдээ нийтэлж, лалын шашинтнуудад тусалсны улмаас Египетийн нэгэн сэтгүүлч цэргийн шүүхээр шийтгүүлэхээр болсон байна. “Аль-Масри аль-Йоум” сонины ажилтан Ахмед Абу Дераа Египетийн аюулгүй байдлын албаны байрлалыг лалын шашинтнуудад зааж өгснөөр улсынхаа аюулгүй байдалд хохирол учруулсан аж. Тэрбээр бас телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа худал мэдээлэл дамжуулжээ. Мөн Суэцийн суваг болон энгийн иргэд зургийг нь авахыг хориглодог бусад объектын дүрсийг хальснаа буулгаж, цэргийн зориулалттай газрын дэвсгэр нутагт нэвтэрсэн байна.
“Аль-Масри аль-Йоум” сонин ажилтнаа суллахыг шаардаж, түүнд өмгөөлөгч авч өгчээ. Сэтгүүлчийг суллахыг шаардаж Каир хотод хүмүүс жагссан аж. Египетийн армийн албан хаагчид энгийн иргэдийг буудсан тухай өгүүлэл тус сонинд гарсны дараа Ахмед Абу Дерааг баривчилжээ. “Аль-Масри аль-Йоум” нь Египетдээ нөлөө бүхий сонин гэнэ. Мохаммед Мурсийг Ерөнхийлөгч байхад англи хэлээр гардаг уг сонинг алдагдалтай ажилласан гэх шалтгаар хаажээ. Тиймээс үгийн эрх чөлөөг хавчлаа хэмээн Мурсигийн дэглэмийг сэтгүүлчид буруутгасан аж.