2012 онтой харьцуулбал Хятадын тэрбумтны тоо 64-өөр нэмэгдсэн байна. Хятадын баячуудыг Dalian Wanda Groupийн тэргүүн Ван Цянлинь өнгөлж явна. Энэ компани үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж. Хэвлэлд мэдээлснээр бол Ван Цянлинь өөрийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж 22 тэрбум долларт хүргэжээ. Тус компани АНУ-ын Кино театруудын АМС Entertainment сүлжээг худалдан авснаар Ван Цянлинийг хилийн чанадад ч мэдэх болсон байна. Энэ наймааг 2.6 тэрбум доллараар хийжээ.
Өнгөрсөн онд Хятадын баячуудыг тэргүүлж байсан Цун Цинхоу энэ жил хоёрт бичигдсэн байна. Тэрбээр ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж. Түүнийг 18.7 тэрбум долларын хөрөнгөтэй гэж үзжээ. Барилгын Country Garden Holding компанийн хувьцаа эзэмшигч Ян Хуэйянь Хятадын хамгийн бэлтэй эмэгтэй болсон байна. 8.3 тэрбум долларын хөрөнгөөр тэрбээр тавдугаарт оржээ. Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 39 настай Ричард Лью Хятадын хамгийн залуу баян гэгдэх болсон байна.
Bloomberg-ийн баримтаас үзвэл доллараар тоолох хөрөнгөөр тэрбумтан болсон хүн дэлхий дээр 1426 байдаг аж. Эдний 442 нь АНУ-д байх бөгөөд тэдэн дотроо Билл Гейтс толгой цохиж буй. Түүнийг энэ онд 72.7 тэрбум долларын хөрөнгөтэй гэж үзсэн байв. Оросын тэрбумтны тоо энэ онд 131 хүрлээ. Хамгийн баян нь “Металлоинвест”-ийн эзэн Алишер Усманов юм. Тэрбээр 18.72 тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгөтэй гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ