Сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтад шилжүүлэх гэсэн Оросын санаачилгад Обамагийн засаг захиргаа “болгоомжтой” хандаж байна гэж мэдэгдлээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцахдаа Оросын санаачилгад “ихээхэн эргэлзэж” буйгаа хэлсэн байна. Түүний хэлснээс үзвэл Сирид цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөндөө Конгрессоос дэмжлэг авах бодлоосоо Цагаан ордон татгалзахгүй байгаа аж. Сирид цохилт өгөхөөсөө татгалзах нөхцөлийн талаар хийсэн тайлбарыг нь Оросын тал санал гэж үзэх ёсгүй гэж тэр бас нэмж хэлжээ. Оросын санаачилгыг Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем яаран сайшаасан нь ч Америкийн Ерөнхийлөгчийн захиргааныханд таалагдаагүй гэж Цагаан ордны Хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жей Карни мэдэгдсэн байна.
Германы Канцлер Ангела Меркель Оросын санаачилгыг “сонирхууштай” гэж үзжээ. Энэ саналыг зөвхөн цаг хожихын тулд тавьсан биш, Оросын тал залгуулаад тодорхой үйлдэл хийнэ гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлэв. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдэхдээ хэд хэдэн болзлыг мөрдсөний дүнд Оросын саналыг анхааралтай авч үзэж болох юм гэсэн байр суурь илэрхийлэв. Сирийн химийн зэвсэг хадгалж буй газрыг нь олон улсын хяналтад өгөөд уг зэвсэг болон хорт бодисыг устгахыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 9-нд санал болгосон юм. Үүний хариуд Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем “Манай иргэдийн амь нас, манай улсын аюулгүй байдлын үүднээс Оросын санаачилгыг Сирийн удирдлага дэмжиж байна” гэж хэллээ. Сирийн зөрчилдөөнд АНУ цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох эсэх асуудлаар энэ долоо хоногт АНУ-ын Конгресст санал хураалт болно. Энэ асуудлаар Конгресст дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч бий. Сирид цэргийн хүчээр цохилт өгөх гэсэн АНУ-ын саналыг нийтдээ 25 улс дэмжиж буй бөгөөд тэдний 14 нь гарын үсгээ зурчихаад байна. Түүнд Албани, Хорват, Дани, Эстони, Герман, Латви, Литва, Румын, ӨАБНУ болон бусад улсууд багтаж байгаа. “Их хориос” Канад, Франц, Итали, Япон, БНСУ, Австрали, Саудын Араб, Испани, Турк, Англи болон АНУ-ууд уг саналыг урьд нь дэмжчихсэн байсан юм.
Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн нөхцөл байдлыг судалсан НҮБ-ын тусгай комиссын илтгэлийг хүлээ хэмээн АНУ-д Европын холбоо уриалав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ч мөн ийм байр суурьтай байгаа. Дашрамд өгүүлэхэд, америкчуудын ихэнх нь Обамагийн гадаад бодлогод сэтгэл дундуур байна гэж мэдээлж байна. Энэ оны нэгдүгээр сард Обамагийн гадаад бодлогыг санал асуулгад оролцогчдын 54 хувь нь дэмжиж байсан бол энэ үзүүлэлт дөрөвдүгээр сард 49 хувь, зургадугаар сард 40 хувь болсон байв. Сирийн асуудлаар Ерөнхийлөгчийн бодлогыг 31 хувь нь дэмжиж, 63 хувь нь дэмжихгүй байна. Обамагийн ерөнхий чансаа 45 хувьтай байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ