Их Британид аж төрж, Оросын олигарх гэгдэж явсан Борис Березовский энэ оны гуравдугаар сард нас барахдаа 309 сая фунт(482 сая доллар)-ийн өр үлдээсэн байсныг бодоход санхүүгийн хувьд дампуурсан байж болзошгүй хэмээн энэ сарын 4-нд Английн нийслэлийн дээд шүүх олны сонорт хүргэв. Шүүгчдийн хэлж буйгаар үлдээсэн хөрөнгө нь өрийг нь төлж хүрэлцэх эсэх тухай асуудал анхаарал татаж байгаа аж. Төлөх татвар нь 100 сая фунт орчим болсон гэж урьд нь мэдээлж байжээ.
Березовскийн охин Екатерина талийгаачийн өвийг захиран зарцуулах эрхтэй гэж хүлээн зөвшөөрөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нас барахдаа эцэг нь дампуурсан байсан гэсэн дүгнэлтийг тэрбээр зөвшөөрөхгүй байгаа аж. Березовскийн төлбөрийн чадвартай холбоотой дүгнэлтийг шүүгчид гаргах ёсгүй гэж түүний өмгөөлөгчид үзэж байгаа юм байна.
Олигархи Березовский шүүхээс зугтан 2000 онд Их Британид очсон юм. Үүнээс гурван жилийн дараа Оросын Ерөнхий прокурорын газар Березовскийг эргүүлж өгөхийг хүссэн ч Лондон зөвшөөрөөгүй. Энэ оны гуравдугаар сарын эцсээр Березовский гэртээ амьсгал хураасан байв. Зарим эх сурвалж түүнийг дүүжилж амиа хорлосон гэсэн дүгнэлт хийж байсан билээ.