Умард Солонгост байгаа шиг дэглэм тогтоох зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгагдаж буй Ли Сок Кигийн депутатын халдашгүй байдлыг нь БНСУ-ын Парламент цуцалжээ. Ли Сок Ки төлөөлөл нь болж байсан Нэгдсэн дэвшилт нам Парламентын 298 суудлын ердөө зургааг нь эзэлдэг болохоор дийлэнх олонхийн саналаар ийм шийдвэр гаргасан байна. Ийм шийдвэр гаргах шаардлагатайг нотолж БНСУ-ын Хууль зүйн сайд Хван Ко Ан “Тэрбээр иргэдийг зэвсэглэхийг” уриалсан гэжээ. Ли Сок Ки чучхен онолоор зэвсэглэж, хувьсгал хийхийг хүн амд итгүүлнэ гэж намын идэвхтний хурал дээр хэлжээ. Нэгдсэн дэвшилт намын хэвлэлийн алба болохоор түүний үгийг наргиан байсан гэж тайлбарласан байна.
Өмнөд Солонгосын тусгай албад хуйвалдааныг илрүүлсэн нь өнгөрсөн сарын 28-нд тодорхой болжээ. Энэ өдөр тус намын гурван гишүүнийг баривчилсны дотор Кёнгиндо мужийн намын байгууллагын дэд дарга Хон Сун Со орсон аж. Хэд хэдэн гишүүний гэрт нэгжлэг хийсэн аж. Хуйвалдаан зохион байгуулагчид улсынхаа дэд бүтцэд халдаж, төрийн эргэлт хийх талаар ярилцаж байжээ. Зорьсондоо хүрэхийн тулд тэд тусгай байгууллагатай ч болсон байв. Нотлох баримтууд дотор намын идэвхтнүүдийн уулзалтын бичлэг байгаа аж. Зэвсгийн агуулах, Цагдаагийн хэсгийн байруудыг эзэлж авах талаар ярилцаж буй нь уг хальсанд буусан байгаа гэнэ.
Ийм маягаар тэд Умард Солонгост тусална гэж найдаж байжээ. Ли Сок Ки 2012 онд Парламентын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Үндэсний аюулгүй байдлын хууль зөрчсөний учир шүүхийн хаалга татаж байсан аж. 2003 онд Ерөнхийлөгч нь түүнд өршөөл үзүүлсэн юм байна.