Бразилийн томоохон хотуудад энэ зун болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогсод нийгмийн бүх
салбартбугшсан авлигыг эцэс болгохыг шаардсан
Парламентын хоёр танхимд нууцаар санал хураахыг хориглох тухай хуулийг Бразилийн үндэсний конгресс (Парламент)-ийн Депутатуудын танхим батлав. Уг асуудал нь өнгөрсөн зургадугаар сард тус улсын томоохон хотуудад гудамжны жагсаал цуглаан өрнүүлсэн иргэдийн зүгээс тавьсан гол шаардлага байсан юм. Өөрсдийг нь хууль тогтоох байгууллагад төлөөлж суугаа гишүүд амин чухал асуудлыг шийдвэрлэхдээ ямар байр сууринд байгааг мэдэхийн тулд илүү ил тод байдал хэрэгтэй гэдгийг олон нийт тэмдэглэсэн. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал долоон жилийн өмнөөс тавигдсан ч Депутатуудын буюу доод танхимд гацаж өдий хүрчээ. Харин мягмар гаригийн шөнө болсон санал хураалтаар доод танхимын 452 гишүүний дэмжлэгээр дээрх хууль батлагдлаа.
Одоо хуулийн төсөл Сенатаар орох ёстой. Гэвч дээд танхим нууц санал хураалтыг устгах баримт бичгийг мөд батлах төлөвгүй байна гэж ВВС-гийн сурвалжлагч тэмдэглэв. Парламентын гишүүн Натан Донадоныг үүрэгт ажлаа үргэлжлүүлэхийг хууль тогтоогчид нууц санал хураалтаар үүнээс хэдхэн өдрийн өмнө дэмжжээ.
Н.Донадон нь авлигын хэргээр шүүхээс 13 жилийн хорих ял сонссон ч гэмт хэрэгт нэр холбогдсон өөр хэд хэдэн хууль тогтоогчийн адилаар Конгрессийн гишүүний албаа хашсаар яваа. Н.Донадоны холбогдсон авлигын хэрэг Конгрессийн нууц санал хураалтад цэг тавихыг шаардсан олон нийтийн дургүйцэл дахин сэдрэхэд хүргэжээ.
1980-аад онд ардчиллын замд эргэн орсон Бразилийн нэн шинэхэн түүхэнд авлигын нэг бус томоохон дуулиан дэгдсэн. Тэдгээрийн нэг болох Менсалаогийн хэрэг буюу хууль тогтоогчдын саналыг эрх баригч нам мөнгөөр худалдаж авч байсан авлигын хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж байгаа юм байна.
Хэд хэдэн хууль тогтоогчийн холбогдсон энэ хэргийг хэрхэн шийдэхийг ард иргэд нь анхааралтай ажиглаж буй. Бразилийн Сан-Пауло, Рио-деЖанейро, Сальвадор зэрэг гол хотод энэ зун болсон олон мянган хүний жагсаалд оролцогсод нийгмийн салбарын бүх түвшинд бугшсан авлигыг эцэс болгож, боловсрол, эрүүл мэнд, тээврийн салбарт өргөн реформ хийхийг эрх баригчдаасаа шаардсан юм.
Х.ЭНХ