Германы хамгийн өндөр уул болох Альпын нурууны оргилд Бельги улсын уулчин 200 метрийн өндрөөс унаж нас барсан харамсалтай явдал есдүгээр сарын 2-нд гарчээ. Уулчин 61 настай бөгөөд олон жил ууланд авирсан туршлагатай нэгэн байжээ.
Тэрбээр авирч байх үедээ хий гишгэж, тэнцвэрээ алдан, бул чулуун дээр унасан гэнэ. Үүнээс гадна Германы Обэралгаү-ээс ирсэн уулчин тус оргилд 2830 метрийн өндөрт аялал хийж яваад мөн осолджээ.
Уулнаас бууж явахдаа Бельгийн уулчны адил тэнцвэрээ алдаж, чулуунаас барьж амжсан ч чулуу түүнийг даалгүй хугарсан байна. Ийнхүү Альпын нуруу уулчдад ээлээ өгсөнгүй, хоёр ч хүн харамсалтайгаар хорвоог орхижээ. Сонирхуулахад, 75 настай уулчин уг оргилын 80 орчим метрээс унасан ч амьд үлдсэн тохиолдол бий аж.
Г.АРИУНЦАЦРАЛ