Хятадын зүүн өмнөд нутгийн Жянсу мужид оршин суугч, таван настай хөвгүүн дэлхийн хамгийн балчир нисгэгч болж, Гиннесийн номд орсон тухай “Mirror” мэдээлэв.
Додо хэмээн гэрийнхэн нь өхөөрдөн дууддаг Хэ Ид хүү “Вее-3” гэдэг жижиг онгоцны жолооны ард сууж 35 минут нисчээ. Бээжин хотын дархан цаазат газрын дээгүүр хийсэн нислэгийн үеэр тэрбээр агаарын хөлгийг бие даан удирдаж, ард нь сургагч багш сууж явжээ.
Хүүгийн эцэг, өмнөд хөршийн хэвлэлд Бүргэд аав гэж нэрлэдэг Хэ Ле шен хувиараа нислэгийн хичээлд 30.000 юань (5000 ам.доллар) төлж, хүүгээ онгоц жолоодоход сургасан юм байна. Үүний хажуугаар насанд нь ахадсан өөр бас бус хэцүүхэн даалгавраар хүүгээ сориод амжсан нэгэн гэнэ. Додо дарвуулт завь жолоодон далайд ганцаараа аялж, Японд усархаг бороотой өдөр Фүжи ууланд авирч байжээ.
Мөн өнгөрсөн онд хасах 13 градусын хүйтэнд Бүргэд аав нь хүүгээ нүцгэн гүйлгэсэн гэнэ. Нэг хэсэг нь энэ бүхнийг хүүхдэд хат суулгана гэж үзэж байхад, зарим нь Бүргэд аав ердөө өөрөө алдаршихын тулд хүүхдээ ашиглаж байна хэмээн буруушаадаг аж.
Х.ЭНХ