Ромын хамба лам Франциск Төрийн нарийн бичгийн даргыг томилсон нь түүний хувьд энэ оны гуравдугаар сард ширээндээ заларснаас хойш гаргаж буй хамгийн дорвитой шийдвэр гэж үзэж байна. Энэ албанд томилогдсон Пьетро Паролин итали хүн бөгөөд одоо 58 настай, дипломатч юм.
Түүний өмнө уг албыг 79 настай Тарчизио Бертоне хашиж байв. Түрүүчийн хамба XVI Бенедиктийн томилсон Бертоне нь Ватиканы нууц архиваас өнгөрсөн онд мэдээлэл алдагдсантай холбоотойгоор шүүмжлэлд нэлээд өртөж байсан юм.
Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга нь Католик сүмийн засаг захиргааны гол байгууллагыг толгойлж, хамба ламын ерөнхий зөвлөх гэгдэж явдаг аж. Сүүлийн үед Ватиканы талаар гараад байгаа хэл амыг эцэслэнэ гэж Франциск амлаад байгаа. Банканд үүсээд байгаа хэрэг явдлыг мөрдөн шалгах комисс байгуулсан. Мөнгө угаахыг хориглосон шийдвэр ч гаргасан.
Р.ЖАРГАЛАНТ