Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны үеэл, 18 настай Ким Хан Соль Парисын улс төрийн шинжилгээний дээд сургуульд сурах болсон байна. Тэрбээр Европ, Азийн харилцааны асуудлыг онцлон судлах аж. Уг дээд сургууль Францын умард нутгийн Гавр хотод байдаг юм.
Ким Хан Соль нь БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн том хүүгийн хүү юм байна. Эцэг нь 2001 онд Японы хил дээр саатуулагдсаны улмаас Ким Хан Солийг өөрийн залгамжлагч байж болох хүмүүсийн тооноос өвөө нь хасчихсан гэдэг. Тэрбээр эцэг эхийн хамт Макаод эрт ирж суурьшсан бөгөөд хэвлэл, мэдээллийнхнээс ихэд хөндий хүн юм.
Гэхдээ Финляндийн Батлан хамгаалахын сайд байгаад хожим НҮБ-д хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон хатагтай Элизабет Ренд 2012 онд нэлээн дэлгэрэнгүй ярилцлага өгч, өвөө Ким Чен Ир болон түүний бага хүү Ким Чен Ун нартай ер уулзаж байгаагүй тухайгаа өгүүлсэн удаатай.