Хувийн аяллаар явсан Соломоны арлуудын Ерөнхий сайд Гордон Дарси Лилаг Австралийн Брисбений нисэх онгоцны буудалд нэгжсэн явдалд Австралийн Гадаад хэргийн яам хүлцэл өчив. Нислэгийн өмнөх үзлэг дууссаны дараа онгоцны буудлын аюулгүй байдлын ажилтнууд арлын орны Ерөнхий сайдыг тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх нэмэлт шалгалтад оруулсан юм байна. Австралийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Ерөнхий сайд тэсрэх бодисын хяналтын үзлэгт орох ёсгүй байсан” гээд, түүнд учруулсан байж болзошгүй хүндрэл, таагүй байдлын төлөө харамсал илэрхийлжээ.
2012 оны дөрөвдүгээр сард Австралийн Сиднейн нисэх онгоцны буудалд Вануатугийн Засгийн газрын тэргүүн Сато Килманд үүнтэй адилхан явдал тохиолдож байв. Израильд айлчлахаар зорчиж явсан Сато Килманы онгоц энд техникийн зогсолт хийх үеэр цагдаагийнхан Вануатугийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгчдийг бүгдийг нь хилийн болон цагаачлалын хяналтаар оруулаад зогсоогүй Ерөнхий сайдын туслахуудын нэгийг баривчилсан аж. Гомдож, шаралхсан С.Килман эх орондоо очоод Австралийн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг 24 цагийн дотор тус улсаас гарахыг шаардаж байжээ.
Х.ЭНХ