АНУ-ын Батлан хамгаалах яам, Төрийн Департаментийн 700 мянган нууц баримтыг “Wikileaks”-т дамжуулсан, цэргийн шинжээч асан Брэдли Мэннингэд оноосон ялын талаар тус портал тусгай мэдэгдэл гаргасан байна. Мэннингэд 35 жилийн ял өгснийг “Wikileaks” бараг ялалт гэж үзжээ.
Учир нь шүүхээс оноосон ялын есөн жил нь өнгөрсний дараа хугацаанаас нь өмнө тэнсэн харгалзах ялаар сольж болох гэнэ. Тэгвэл Мэннинг одоо нэгэнт 3.5 жилийг шоронд өнгөрөөгөөд байгаа аж. Түүнд оноосон ялын талаар хүний эрхийг хамгаалдаг “Эмнести интернэйшнл” байгууллагаас тайлбар хийхдээ хэрэгтэн 35 жилийн ял авчихаад байхад түүний илчилсэн гэмт хэрэгтнүүд эрх чөлөөтэй явж байна гэжээ. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Мэннингэд өршөөл үзүүлэх юм уу оноосон ялыг нь хөнгөлж шоронгоос суллах ёстой гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яам ч уг явдалд хэрхэн хандаж буйгаа “хүний эрхийн салбарт АНУ тэргүүлэх чадваргүй болохоо харууллаа” хэмээн илэрхийллээ. Мэннингэд 35 жилийн ял өгөөд зогсолгүй цэргийн цолыг нь хурааж, Зэвсэгт хүчний эгнээнээс хөөсөн юм. Оноосон ялын асуудлыг цэргийн шугамаар авч үзэх бөгөөд түүнийг батлах, эсвэл хугацааг нь хорогдуулах шийдвэр гаргах учиртай аж.
Р.ЖАРГАЛАНТ