Герман улс ирэх арваннэгдүгээр сараас төрөлхийн манин хүүхдийг төрсний гэрчилгээнд гурав дахь хүйсээр тэмдэглэн бичихээр болсон тухай “Huffington post” мэдээлэв. Ингэснээр Герман гурав дахь хүйсийг хүлээн зөвшөөрсөн Европын анхны улс болох юм. Энэ талаар тавдугаар сард хэлэлцэх үеэр манин хүүхдийн төрсний гэрчилгээн дээрх хүйс бичих зайг хоосон орхихоор шийдсэн ч тухайн хүүхэд нас биед хүрч, гадаад руу гарах зэрэгт асуудал үүсэхээс сэргийлэн “Х” гэж тэмдэглэхээр шийдсэн байна.
Улмаар дээрх шийдвэртэй холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бөгөөд ижил хүйстнүүдийн талаар хатуу хууль журмаа ч уян хатан болгох байх хэмээн олон хүн хүлээж буй аж. Саяхан Германд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахад 74 хувь нь эерэг санал өгсөн байна. Энэ оны эхээр Непал улс анхлан гурав дахь хүйсийг төрсний гэрчилгээнд тэмдэглэж эхэлсэн.