Эдвард Сноуденаас хүлээж авсан баримт бичгээ устгах, эсвэл өөрт нь дамжуулахыг Британийн эрх баригчид тус улсын “Гардиан” сонинд шаарджээ. Сонины ерөнхий эрхлэгч Алан Расбриджер энэ тухай уржигдар цахим хувилбартаа мэдээлжээ.
Түүний бичсэнээр, АНУ-ын Үндэсний аюулг үй байдлын газар (ҮАБГ) хэрхэн мэдээлэл цуглуулдаг талаар Сноудены дамжуулсан нууц материалд тулгуурлан зургадугаар сард “Гардиан”- д нийтэлсэн цуврал өгүүллийн дараа Их Британийн Засгийн газрын өндөр албан тушаалын төлөөлөгч өөртэй нь холбоо барьжээ. “Та нар өөрсдийн хувиа авсан. Одоо бид материалаа эргүүлж авмаар байна” хэмээн өгүүлсэн уг албан тушаалтны нэрийг Расбриджер хэлсэнгүй.
“Гардиан”-ын ерөнхий эрхлэгч тулган шаардлагыг хүлээн авахаас татгалзмагц Лондон дахь сонины редакцад Засгийн газрын холбооны төвийн (“Ройтерс” уг байгууллагыг ҮАБГын британи хувилбар гэж нэрлэжээ) хоёр ажилтан очиж, Сноудены өгсөн баримт бичиг хадгалж байсан хоёр компьютерийн хатуу дискийг устгажээ. Харин үүнээс хойш эрх баригчдын төлөөлөл сонины байранд дахиж үзэгдээгүй гэнэ. “Гардиан” Э.Сноудены өгсөн материалтай цаашид үргэлжлүүлэн ажиллана. Тэгэхдээ Британийн хилийн чанадаас үүнийг гүйцэтгэхээ Ерөнхий эрхлэгч нь тодруулав.
А.Расбриджер зурвас бичих болсон нь Лондоны нисэх онгоцны “Хитроу” буудалд “Гардиан”-ын сурвалжлагч Г.Гринвальдын хамтрагч, Бразилийн сэтгүүлч Давид Мирандаг саатуулсантай холбоотой аж. Берлинээс нутаг буцаж явсан Д.Мирандаг Британийн хүчний байгууллагынхан саатуулж, биедээ авч явсан сэтгүүлчийн аппарат хэрэгслийг хураан, байцаалт авсны эцэст сулласан тухай “Өнөөдөр” өмнө мэдээлсэн. Г.Гринвальдын бэлгийн ижил хүйстэн хамтрагч, 28 настай Мирандаг саатуулсан хэрэг явдалтай ямар ч холбоогүй гэдгээ АНУ-ын эрх баригчид мэдэгдээд, уг шийдвэрийг Британийн Засгийн газар гаргасан гэжээ.
Х.ЭНХ